Усанд осолдож, амь насаа алдах тохиолдол нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-08-11 16:30:59

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд долоо, наймдугаар сард Хэрлэн, Халх гол, Баянтүмэн сумдад долоон иргэн усанд осолдож, амь насаа алджээ.

Тухайлбал, энэ сарын зургаанд Хэрлэн голд осолдсон 30 настай иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байх явцад есний өдөр Хэрлэн сумын Нэгдүгээр багийн нутаг, Бунхан толгой орчимд 27, 28 настай хоёр залуу усанд осолдсон байна. Дээрх усны ослын гурван тохиолдолд л гэхэд Зүүн бүсийн Онцгой байдлын газрын Шуурхай болон эрэн хайх албаны 20 гаруй алба хаагч ажилласан байна. Түүнчлэн есний өдөр Баянтүмэн сумын нутаг дахь Ухаа-Арал амралтын газарт аав ээжтэйгээ амарч байсан 12 настай охин усанд живж, хамт байсан хүмүүс нь уснаас гаргаж эмнэлэгт хүргэсэн ч анхны тусламж авч амжаагүй амь насаа алдсан гэв. Мөн 29 настай эмэгтэй М архидан согтуурсан үедээ Хэрлэн голд амиа хорлох гэж байхад нь аварсан байна. Ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүн байгаа ч иргэд усанд осолдох явдал энэ мэтчилан буурахгүй байгаа юм.

Хэрлэн гол үерийн түвшинг давж, 230 см-ээс илүү, Буйр нуурын усны түвшин аажмаар нэмэгдэж байгаа, Онон гол эргээ хальсан гэдгийг Онцгой байдлын газраас дахин анхааруулж байна.

Холбоотой мэдээ