Шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 16-наас түр зогсооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-08-11 15:37:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт энэ оны 10 дугаар сарын 15-нд болно. Үүнтэй холбогдуулан хуульд заасны дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 16-наас эхлэн түр хугацаанд зогсоох талаар Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-аас мэдээллээ. 

Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 30-нд баталсан Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 24.1-д шилжилт хөдөлгөөний бүртгэлийг зохицуулсан. Тухайлбал, энд иргэн нэг засаг захиргааны нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг сонгуулийн санал авахаас 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээхээр заасан. 



Дээрх зохицуулалтын дагуу улсын бүртгэлийн байгууллага орон нутгийн сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөний бүртгэлийг зогсооно. Энэ дагуу 8 дугаар сарын 16-нд шилжилт хөдөлгөөний бүртгэл зогсох юм. Харин 10 дугаар сарын 16-наас хэвийн явагдана. Иргэд шилжилт хөдөлгөөн хийлгэх бол ажлын 5 хоногт багтаан бичиг баримтаа бүрдүүлж, шилжин очих газартаа өөрийн биеэр очих шаардлагатайг албаныхан санууллаа.

Энэ жил болсон УИХ-ын сонгуулийн өмнө, хоёрдугаар сарын 1-нд шилжилт хөдөлгөөнийг түр зогсоож, сонгууль болсны маргаашаас буюу 6 дугаар сарын 25-наас шилжилт хөдөлгөөнийг хэвийн явуулж эхэлсэн юм. 


Холбоотой мэдээ