А.Амбасэлмаа: Коронавирусээр халдварласан иргэдийн дийлэнх нь 20-24 насныхан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-22 14:00:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад шинэ коронавирусээр халдварласан 287 тохиолдол зөөвөрлөгдөж ирсний дийлэнх нь залуус буюу 20-24 насныхан байгааг ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр тус яамны Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв. 


Тодруулбал, коронавирусээр 6-80 насны хүмүүс өвдсөн бөгөөд үүний 70 хувь нь оюутан сурагч байна. Хүйсийн хувьд 70 хувь нь эрэгтэй, 30 хувь нь эмэгтэй. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст судалгаа хийхэд, 30 хувьд нь эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй. Бусад тохиолдолд толгой, хоолой өвдөх, ханиалгах, халуурах, нус гоожих, ядрах шинж тэмдэг илэрсэн хэмээн танилцууллаа. Батлагдсан 287 тохиолдлоос 213-ыг нь эмчилсэн бөгөөд одоогоор ажиглалтад 36 хүн, гэртээ 51 хүн байгаа бол ХӨСҮТ-д 74 хүн эмчлүүлж байна.


Өнгөрсөн хугацаанд манай улс нийт 14 мянга 207 хүнээс тандах судалгаа авчээ. Харин вирус судлалын шинжилгээг нийт зургаан лабораторид явуулж 1960 хүнд шинжилгээ хийжээ. ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дорнод, Ховд, Дархан-Уул, ЗӨСҮТ-ийн лабораторид хоногт 700-800 гаруй хүнд шинжилгээ хийдэг байна. Дархан-Уул аймгийн лабораторид Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирж байгаа транзит тээврийн автомашины жолооч болон оюутан залуусын шинжилгээг хийж байгаа юм. Тэгвэл Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор орж ирж байгаа ачаа тээврийн жолооч нарт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж байна.


"Бусад улс оронд коронавирусний халдвар аваад эдгэрсэн иргэдийг эмнэлэгээс гарсны дараа давтан шинжилгээ авахгүй байгаа. Гэтэл эдгэрээд гарсан хүмүүст дахин коронавирусний халдвар илрэх тохиолдол багагүй байна. Тиймээс бид ард иргэдийнхээ дунд халдвар алдахгүйн тулд хичээж ажиллана" хэмээн ЭМЯ-ны Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллийн үеэр тэмдэглэв. 


О.Сэрүүнээ

Холбоотой мэдээ