Баянхонгорынхон Дуурсахын хөндийдөө наадлаа

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2020-07-12 16:37:16
Баянхонгор /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулсны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Баянхонгор аймаг байгуулсны 79 жилийн ой, Үндэсний их баяр наадам Баянхонгор аймгийн Дуурсахын цэнхэр хөндийд 07-р сарын 10, 11-ний өдрүүдэд өргөн дэлгэр боллоо.
Эрийн гурван наадмын нээлтийн үйл ажиллагааг Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театраас зохион байгуулж дуу хуур, бүжиг наадмаа хонгор нутгийн зон олондоо толилуулав. Энэ үеэр аймгийн Нийтийн номын сан, Музей зэрэг байгууллагууд чиглэл тус бүрээрээ соёлын үйлчилгээг наадамчдад толилуулсан юм.
Баяр наадмыг зохион байгуулах комиссоос цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ жилийн наадмыг наадамчин олноо агаарын сайханд зүй зохистой наадуулахаар Дуурсахын хөндийд зохион байгуулсан нь наадамчин олны сэтгэлд нийцэж, баяр наадмын үйл ажиллагааг нэг дор цогцоор шимтэн үзэх болсондоо талархалтай байлаа.
Баяр наадмын хамгаалалтад Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хоёр өдрийн турш гарч ажилласан бол Онцгой байдлын газар, Барилгын цэргийн анги, аймгийн Нэгдсэн эмнэлэг, ГБХЗХГ, БТСГ, ХХААГ, МЭГ, Цэвэр хот, Хот тохижилтын ажилтан албан хаагчид наадмын үеэр чиглэл тус бүрээрээ ажил үүргээ гүйцэтгэж ажилласан байна.