У.Хүрэлсүх: Засгийн газрын бүтцийг хэвээр үлдээж, тогтвортой байдлыг хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-06 19:23:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. 


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Ерөнхийлөгчтэй зөвшилцсөнөөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-д өнөөдөр өргөн барьжээ. Энэ дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо яаралтай горимоор өнөөдөр хуралдаж хууль, тогтоолын төслийг дэмжсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуралдаанд танилцуулав. 


Төсөлд, Монгол Улсын Засгийн газар 14 яамтай ажиллах бөгөөд үүнээс 6 нь ерөнхий чиг үүргийн, 8 нь чиглэлийнх байхаар тусгажээ. Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, яамдын асуудал эрхэлсэн сайд зэрэг 17 гишүүн ажиллуулах юм. Ингэхдээ, соёлын болон шинжлэх ухаан, боловсролын салбарт төрөөс баримтлах бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, соёлын үнэт зүйлийг сэргээх тогтолцоог бүрдүүлэх, шинжлэх ухаан, инновацын төсөл хөтөлбөрийг оновчтой зохион байгуулахын тулд БСШУСЯ-ыг БШУ болон Соёлын яам болгон хуваажээ. Харин нийтийн биеийн тамирыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, түүгээр хичээллэх явдыг дэмжиж хүн амыг эрүүлжүүлэх шаардлагыг үндэслэн спортын чиг үүргийн бодлого зохицуулалтыг Ерөнхий сайдын харьяа Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир спортын хороонд хариуцуулахаар төсөлд тусгасан байна. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг дагаж гарах хуульд, Засгийн газрын тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллахаар тусгажээ.



Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байна гэж заасан, мөн өмнөх парламент Эдийн засгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн яамтай байхаар хууль баталсан хэмээн тодотгоод уг яамыг төсөлд тусгаагүй шалтгааныг тодруулав. Мөн төсөлд хилийн боомтыг Сангийн сайд, чөлөөт бүсийн асуудлыг Шадар сайдын хүрээнд хамруулсан байгааг тодотгоод, хоёуланг нь аль нэг сайдынх нь харьяанд байлгах нь илүү үр дүнтэй гэсэн санал хэллээ. 


ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Ганбат, Цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед шинээр яам байгуулах нь зардал ихтэй, зохион байгуулалтын хувьд цаг хугацаа шаардах тул одоо энэ яамыг шинээр байгуулах шаардлагагүй гэж ажлын баг үзсэн гэлээ. Тэрбээр, "Хөгжлийн төлөвлөлттэй холбоотой асуудлыг өнөөгийн нөхцөлд Үндэсний хөгжлийн газар зохицуулж байгааг онцлоод, бүх төрлийн хөгжлийн бодлого төлөвлөлттэй холбоотой асуудал нь төсвийн бодлоготойгоо нягт байх ёстой тул Сангийн яам Үндэсний хөгжлийн газар зохицуулаад явах боломжтой гэж үзсэн" хэмээв. Одоогийн хууль тогтоомжийн зохицуулалтаар чөлөөт бүсийн асуудал Шадар сайдын, хилийн боомтын асуудал Сангийн сайдын эрхлэх хүрээнд байгаа аж. Хилийн тухай хуулиар хилийн боомтын зөвлөлийг Сангийн сайд толгойлдог. Тиймээс өмнө байсан хуулийн зохциуулалтыг хэвээр нь тусгаж оруулсан гэж тайлбарлав. 


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын сонгуулиар ард түмэн улс төрийн тогтвортой байдлыг хүсэж сонголтоо хийсэн хэмээн тодотгоод, Засгийн газар байгуулах нэрээр олон яам татан буулгаж ширээ сандал зөөдөг, тамга тэмдэг, албан бланк үйлдвэрлэдэг, төсөл хөтөлбөр хариуцсан хүмүүс солигдож учир тоймоо алддаг хэмээв. Тиймээс Засгийн газрын бүтцийг хэвээр үлдээж, тогтвортой байдлыг хангах хэрэгтэй тул Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах асуудлыг түр хойшлуулж байгаа гэлээ. Энэ удаа эдийн засгийн хөгжлийн бодлогыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхийн хүрээнд зохион байгуулах бүрэн боломжтой гэж үзсэн хэмээн тайлбарлав. Тэрбээр, "Аль болох хөдөлгөөн багатай байя гэж үзсэн. Нэг яамны бүтэц солигдоход баахан хүмүүс ажлаас халагддаг. Бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн тогтворгүй байдал, донсолгоо үүсдэг. Тиймээс тогтвортой явж ирсэн бүтцээ цаашид хэвээр нь авч явах боломжтой" хэмээн хариулав. 


УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Эдийн засгийн асуудал Монгол Улсын хамгийн чухал асуудал. Тиймээс ЗГХЭГ-ын хүрээнд эдийн засгийн хөгжлийн бодлогын ачааллыг дийлэхгүй хэмээсэн юм. Тэрбээр, ЖДҮ-ийн тухай хуулиар тусгайлсан агентлагтай байхаар тусгасан гэдгийг тодотгоод, тус хууль хэрэгжихгүй байгаа шалтгааныг асуув. 800 мянган хүн ажилладаг энэ салбарт тусгайлсан агентлаг шаардлагатай гэдгийг цохон тэмдэглэв.


ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Ганбат, ХХААХҮ-ийн сайдын эрхлэх хүрээний асуудалд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮ-ийн газар гэж байгуулахаар төсөлд тусгасан. ЖДҮ-тэй холбоотой бүх асуудлыг зохицуулах бололцоотой гэж үзсэн. Төсөлд хөгжлийн бодлого төлөвлөлт, урт хуагцааны хөгжлийн төсөл хөтөлбөрийг ЗГХЭГ-ын эрхлэх хүрээнд тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зохицуулалтын хүрээнд Үндэсний хөгжлийн газрыг ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлж, төсөл хөтөлбөрийн уялдаа холбоог зохицуулах бололцоотой гэж үзсэн гэж хариуллаа. 


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, БХБЯ, ЗТЯ-ыг Дэд бүтцийн яам гэж оруулах хэрэгтэй гэсэн санал хэлэв. Соёлын яамтай болж байгаа тул Соёлын газар ач холбогдлыг үнэлэх хэрэгтэйг сануулав. 


УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Соёлын яам байгуулснаар одоо ажиллаж байгаа Соёл урлагийн газар ажиллах шаардлагагүй, хоорондоо ажил булаалдаж илүү зардал нэмнэ гэлээ. Соёлын сайдын эрхлэх гурван асуудлыг Соёлын яам дангаараа хариуцах боломжтой гэв. 


Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Соёлын яам байгуулах зайлшгүй шаардлага бий гэдгийг урлаг, соёлын ажилчид анхан шатнаасаа дээд түвшинд хүртлээ ярьж байгааг хэллээ. Тэрбээр, "Төрөөс соёл урлагийн талаар баримтлах бодлого эзэнгүйджээ гэдгийг харсан. Соёл урлагийнхны ажлын байраар явж судалсан. Соёлын яам байгуулж энэ чиглэлийн бодлогыг өөд нь татах хэрэгтэй. Соёл урлагаа эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг мэргэжлийн хүмүүс нь хариуцах шаардлагатай байгаа юм. Дөрвөн жилийн хугацаанд үр дүнд хүрч, Монгол Улсын соёл урлаг хөл дээрээ босно гэж найдаж байна. Ирэх дөрвөн жил соёл урлагийн салбарт нэлээд бүтээн байгуулах ажил төлөвлөсөн. Тухайлбал, Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр гэх мэт. Бүхэл бүтэн улс байж үр хүүхэддээ үзүүлэх юм байхгүй, гадна, дотны зочид ирэхэд харуулах юм байдаггүй. Зүүн тийшээ Цонжинболдог, баруун тийгээ Хархорин орохоос өөр юм байхгүй. Эзэн Чингис хаан гэж яриад байдаг ч их хааныхаа талаар харуулах юм байдаггүй, аялал жуулчлал ч хөгжихгүй байгаа юм. Энэ мэт асуудал байгаа тул энэ яамыг байгуулахаар голчлон төлөвлөсөн" гэлээ. 


УИХ-ын гишүүн Т.Доржханд, 1990 онтой харьцуулахад, Монгол Улсын эдийн засаг 13 дахин нэмэгдсэн ч төсвийн зардал 70 дахин томорсон байгааг онцлоод, зээлийн хүү 55 дахин, нийт өрийн хэмжээ 50 дахин өссөн зэрэг муу статистик мэдээ байгааг тэмдэглэв. Тэрбээр, "Дэлхийн эдийн засаг хүндэрч байгаа энэ үед Монгол Улсын эдийн засаг ч хүндэрч дампуурах эрсдэл тулсан. Хөгжиж байгаа зээл авсан улс орнууд хөрөнгө оруулалт байхгүй, зээлээ төлөх мөнгөгүй хүнд байдалд орж байгаа. Азийн зах зээлд 100 тэрбум ам.доллар хоёр сарын өмнө гараад явчихсан. Ерөнхий сайдын тайлбараар бол үнэн. Төсвөөс хэмнээд бондын төлбөрийг төлөх боломжгүй. Бондыг өмнө нь мөнгө босгож төлж байсан бол одоо мөнгө босгох боломж байхгүй юм. Тиймээс урьдах шиг явна гэж болохгүй. Эдийн засагч хүний хувьд хүсэж байгаа зүйл бол ийм үед хурдан ажилладаг цомхон мэргэжлийн Засгийн газар хэрэгтэй байсан" гэсэн санал хэлж байв. Тэрээр Соёлын яамыг байгуулснаар, монголын ардын урлаг, соёлыг ямар бодлогоор орчин үеийн зах зээлтэй холбох бодлого, төсөөлөл байгааг тодруулав. Түүнчлэн Мэдээлэл технологи, инновацын яамтай болгох санал өмнө нь хэлж байснаа сануулаад, энэ чиглэлийн яам байгуулснаар, төрийн үйлчилгээг цахим, шуурхай болгохоос гадна авлигал, хээл хахуулийг багасгах боломжтой гэдгийг тодотгов. Төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогыг ямар байдлаар харж төслийг боловсруулсныг лавлалаа. 


ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, "Цар тахалтай холбоотой эдийн засгийн хямрал болж байгаа. Үүнийг эрсдэлийн төлөвлөлт гэж тооцсон тул тогтвортой бүтэц байж, цаг алдахгүй байх хэрэгтэй гэж үзсэн. Одоо байгаа бүтцээрээ дээрх асуудалд анхаарах нь чухал. Эдийн засгийн төлөвлөлтөд Засгийн газрын мөрийн хөтөлбөр орж ирнэ. Мөрийн хөтөлбөр дээр тусгайлсан бүлэг оруулахаар болж байгаа. КОВИД-19-ын үед ажиллах ажлын баг гарсан. Цахимтай холбоотой асуудлаар тусгайлсан инновацын хэлтэс байгуулахгүй шийдэж болно гэж үзсэн. Өмнөх Засгийн газрын үед Эстони улстай хамтарч тус улсын жишгээр төрийн албаны 11 мянга орчим, зайлшгүй шаардлагатай хувийн хэвшлийн зарим үйлчилгээг нэг цонх руу оруулахаар гар утасны аппликейшн боловсруулж байгааг тайлбарлалаа. Энэ асуудлаар УИХ дээр Цахим бодлогын түр хороо байгуулан УИХ-ын гишүүн Н.Учралаар ахлуулж байсныг тодотгоод, энэ түр хороонд Т.Доржханд гишүүнийг хамтарч ажиллах боломжтойг дуулгав. Төрийн үйлчилгээг цахимжуулах дэд бүтцээ байгуулчихсан, гэхдээ цахим гарын үсэг, салангид байгаа мэдээллийн датаг холбох, мэдээллийн аюулгүй байдал зэрэг гурван асуудлыг шийдэх ёстойг тэмдэглэлээ.


Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүний олонх дэмжиж уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр, чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Үргэлжлүүлэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах боллоо. 

Холбоотой мэдээ