Б.Баянхутаг: Санал авах байранд хоёр ажиглагч сууж, бусад нь камераар ажиглаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 29 дүгээр тойргийн 57 дугаар хэсгийн санал авах байранд явагдаж буй сонгуулийн явцын талаар тус хэсгийн хорооны дарга Б.Баянхутагтай уулзаж тодруулав.
-Сонгуулийн санал авах үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна вэ?
-УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 29 дүгээр тойргийн 57 дугаар хэсгийн санал авах байр яг цагтаа 2020 оны 6 дугаар сарын 24-ний өглөөний 07 цаг 00 минутад хууль журмын дагуу эхэллээ. Өглөөний 09 цаг 03 минутын байдлаар, манай хэсгийн санал авах байранд нийт 192 хүн санал өгснөөс эрэгтэй 93, эмэгтэй 99 хүн саналаа өгөөд байна. Насны байдлын хувьд 18-25 насны 14 хүн, 26-40 насны 61 хүн, 41-55 насны 60 хүн, 56-гаас дээш насны 57 хүн саналаа өгсөн байна. Санал авах байранд биечлэн ирэх боломжгүй 13 иргэний саналыг өчигдөр орой буюу энэ сарын 23-нд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авч, өглөө 07.00 цагт санал тоолох төхөөрөмжид уншуулсан.
-Танай санал авах байранд хэдэн сонгогч санал өгөхөөр бүртгэгдсэн бэ?
-Манай хэсгийн сонгогчдын нэрсийн жагсаалтын бүртгэлд нийт 2348 сонгогч бүртгэгдсэн байгаа. Үүнээс түр хассан-боломжгүй буюу гадаадад байгаа оршин суугч 254 байгаа бөгөөд яг сонгууль өгөх боломжтой 2094 сонгогч байна. Харин түр хассан хүмүүс ирж санал өгөх боломжтой.
- Коронавирусний халдвараас хэрхэн урьдчилан сэргийлж ажиллаж байна вэ?
-Засгийн газрын 188 дугаар тогтоол, НМХГ-аас ирүүлсэн 2342 тоот мэдэгдлийн дагуу коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хамгаалалтын дэглэмийг чанд баримталж байна. Сонгогчдын биеийн халууныг хэмжиж, гарыг ариутгаад, нэг удаагийн шинэ маск, бээлий олгож оруулж байгаа. Сонгогч саналаа өгсний дараа дахин гарыг нь халдваргүйжүүлж байна. Мөн манай үйлчлэгчид 2 цаг тутамд хатуу гадаргуу, ширээ сандалд халдваргүйтгэл хийж байгаа.
-Санал авах байрны ажиглагчдыг хэрхэн зохион байгуулж байгаа вэ?
-Дээр дурдсан тогтоол, мэдэгдлийн дагуу бид хүн хоорондын 1,5 метр зай барих дэглэмийг баримталж энд хоёр ажиглагчийг ээлжлэн суулгаж, бусад ажиглагчаа тусгай өрөөнд оруулж суулган шууд ажиглах камерын дэлгэцээр харуулж байна.
-Санал авах байранд зөрчилтэй асуудал гарч байна уу?
-Ямар нэг зөрчил гараагүй байна. Харин манай ХУД-ийн 20 хороо нь тус дүүргийн 2, 3 дугаар хорооноос салж шинээр байгуулагдсан болохоор нэг, хоёр хүн санал авах байраа андуурч ирсэн тохиолдол л гарсан.
-Танай санал авах байранд ажиллаж байгаа бүрэлдэхүүнийг танилцуулна уу?
-Манай хэсгийн хороонд, хорооны дарга, нарийн бичгийн дарга, 9 гишүүнтэй нийт 11 хүн байна. Мөн Иргэний улсын бүртгэлийн 2 ажилтан, хар машин буюу мэдээлэл технологийн даамал 1 хүн, манай хэсгийн хороон дээр 5 намын 13, 3 бие даагчийн 5 хүн нийт 18 ажиглагч үнэмлэхээ үзүүлж бүртгүүлээд ажиглагчаар ажиллаж байна.