УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэл гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-06-14 16:28:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсныг эсэргүүцэж, УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэл гаргажээ.


Мэдэгдэлд, "Монголын ард түмэн төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аа сонгон бүрдүүлэх ээлжит сонгуулийн үйл ажиллагаа үргэлжилж буй энэ түүхэн чухал цаг үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад бүдүүлгээр халдсан үйлдэл гарсантай холбогдуулан парламентын засаглалтай, тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын парламентын тэргүүний хувиар энэхүү мэдэгдлийг хийж байна. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр УИХ-ын сонгуулийн 13-р тойрогт нэр дэвшигч Жаргалтулгын Эрдэнэбатыг цагдан хорьсон байна. Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 20 гаруй хүн энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байна. Энэ талаар огт дуугараагүй, шүүх засаглалын зарчмаа хамгаалаагүй атлаа хуульд заасан бүрэн эрх нь хүчин төгөлдөр хэвээр байгаа УИХ-ын гишүүн, түүний дотор нэг намын нэр дэвшигчдийг зориудаар онилсон гэмт үйлдэл хийж байгааг эрс буруушааж байна. Шүүх, шүүгчдийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчиж байна. Сэлэнгэ аймгийн 13-р тойргийн иргэдийн сонгох, Монгол Улсын иргэн Ж.Эрдэнэбатын сонгогдох эрх болон УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхэд халдсан энэ бусармаг үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг холбогдох шүүхийн байгууллага, шүүгчдээс шаардаж байна. Үүнтэй холбогдуулан Монголын ард түмний эрхийг хулгайлж, хуульд халдах аливаа оролдлоготой хатуу тэмцэх болно гэдгээ мэдэгдье" гэжээ.

Холбоотой мэдээ