“Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн зураг төсөл-хайгуул шинжилгээний ажлыг эхлүүллээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-05-19 08:52:38

МОСКВА. /TASS/. ОХУ-аас Монголын нутгаар дайруулан БНХАУ-д байгалийн хий экспортлох шинэ суваг болох “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн зураг төсөл-хайгуул шинжилгээний ажлыг эхлүүлсэн тухай "Газпром" компанийн тэргүүн Алексей Миллер мэдэгджээ.


“ОХУ-ын Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу "Газпром" компани “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн зураг төсөл-хайгуул шинжилгээний ажлыг эхлүүлсэн. Төслийн зорилго нь ОХУ-ын Баруун болон Зүүн бүсийн хийн тээврийн дэд бүтцийг холбох, Зүүн Сибирийг байгалийн хийгээр хангах юм” гэж Миллер хэлсэн байна.


“Түүнчлэн хий дамжуулах энэхүү хоолой нь Монголын нутгаар дайруулан Хятад руу жилд 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх хүчин чадалтай, шинэ сувгийн үндэс суурь болж чадна. Ямалын хийг мөн Европ болон Азид нийлүүлнэ” гэж тэрбээр нэмж дурджээ.


“Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, зураг төсөл-хайгуул шинжилгээний ажлыг эхлүүлэх үүргийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Газпром" компанийн тэргүүн Алексей Миллертэй гуравдугаар сард уулзахдаа өгсөн билээ. Тухайн үед "Газпром"-ын тэргүүн техник эдийн засгийн урьдчилсан дүн шинжилгээ эдийн засгийн хувьд үр ашигтай гарсныг онцлон тэмдэглэж байв. Мөн Монголоор дайруулан БНХАУ руу жилд 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх хүчин чадалтай гэж үнэлсэн юм.


Хий дамжуулах хоолойн тухайд

Зүүн Сибирийн орд газраас "баруун чиглэлээр" БНХАУ руу хий нийлүүлэх үндсэн нөхцөлүүдийн талаарх гэрээг “Газпром болон Хятадын үндэсний нефть-хийн корпорац /CNPC/ 2015 онд байгуулсан байна. Эхлээд Хятадад жилд 30 тэрбум шоо метр хий нийлүүлэх боломжтой гэж урьдаас таамаглаж байжээ.


Оросын хийг Алтайн хязгаараар дайруулан Хятад руу нийлүүлэх өөр нэг хувилбар нь Монголоор дайруулах байсан юм. Төслийг хэрэгжүүлэх асуудлыг хэдэн жилийн турш хэлэлцсэн хэдий ч өнөөг хүртэл хэрэгжээгүй. 2019 оны 12 дугаар сард ОХУ-ын байгалийн хийг БНХАУ-д экспортолж эхэлсэн. Гэхдээ “зүүн чиглэлээр” нийлүүлж буй юм.


Холбоотой мэдээ