Байгалийн хийн хоолойн асуудлаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-05 13:12:30
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов болон хоёрдугаар нарийн бичгийн дарга М.Б.Мещанинов, С.С.Безруков нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Талууд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх байгалийн хийн хоолойн төслийн хамтын ажиллагааны хүрээнд маршрут болон зохион байгуулалт, мөн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар санал солилцлоо.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-д айлчлах үеэр Монгол Улсын Засгийн газар, “Газпром” компани хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар 20 гаруй жил ярьсан хийн хоолойг Монголын нутгаар дайруулах төслийн албан ёсны эхлэлийг тавьсан.


Улмаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 3 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн Ажлын багийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулан ҮАБЗ-ийн дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн юм.


ОХУ-аас БНХАУ руу жилдээ 38 тэрбум шоо метр хий дамжуулах “Сибирийн хүч” хоолойг 2019 оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан. Хийн хоолой татах хоёр дахь төсөл нь ОХУ-аас БНХАУ руу Монголын нутгаар дайруулан жилдээ 50 тэрбум шоо метр хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолой төслийн ажил юм.


Ташрамд дурдахад, ОХУ-ын экспортын хамгийн гол бүтээгдэхүүн нь нэгдүгээрт нефть, хоёрдугаарт байгалийн хий ордог бөгөөд экспортынхоо дийлэнхийг нь Европын орнууд руу гаргадаг юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.



Холбоотой мэдээ