Өмнөговь аймгийн Даланбулаг брэнд

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-05-06 14:50:31

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн "Даланбулаг" брэндийг та бүхэндээ танилцуулж байна.

Тус аймгийн тэргүүлэх хүнсний үйлдвэрийн нэг болох "Өнөд өвлөх урлахуй" ХХК-ийн "Даланбулаг хүнсний үйлдвэр нь цэвэр усны үйлдвэрлэлээр одоогоос 12 жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Өдгөө тус хамт олон Хөмүүлийн сорс, дарш, шүүс, тэмээний чөмөгний тос, хонины сүүлний тос, махтай болон ногоотой бууз, банш, хуушуур, кимчи, хиам, хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн, дөрвөн төрлийн савалгаатай цэвэр ус зэрэг нийтдээ 20 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж иргэддээ хүргэж байгаа юм. Тэд lSO 9001:2005 чанарын удирдлагын тогтолцоо, OHSAS 18001:2007 хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тогтолцоо гэсэн олон улсын стандартуудыг нэвтрүүлж, эрүүл, шинэ хүнс иргэддээ хүргэхээр шамдан ажиллаж байна. Мөн өнгөрсөн онд Монгол Улсын "Манлай үйлдвэр"-ээр шалгарсан хамт олон юм. 


Даланзадгай голоороо нэрлэсэн Даланбулаг цэвэр ус

 

"Өнөд өвлөх урлахуй" ХХК нь цэвэр усны үйлдвэрлэлийг Өмнөговь аймагт анх хөгжүүлсэн юм. Тэдний үйлдвэрлэдэг "Даланбулаг" цэвэр ус нь 9, 1,5, 0,5, 0,33л-ийн савалгаатайгаар хэрэглэгчдэд хүрч байна. Мөн Оюутолгой, Терра энержи,  Саппорт сервисис Монголиа зэрэг уул уурхайн 10 гаруй компанид цэвэр ус болон бусад бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Тухайн цэвэр усны үйлдвэр нь ажилчдын хөдөлмөрийг хөнгөвчилсөн бүрэн автомат төхөөрөмжтэй болж, жил ирэх тусам хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм. Тус компанийн захирал Ц.Энхтүвшин ярихдаа "Одоогоос 12 жилийн өмнө иргэд баллонтой ус хэрэглэж сайн мэдэхгүй болохоор ямар ашиг тустай, хэрхэн хэрэглэх талаар хэлж өгөөд борлуулалтаа хийдэг байлаа, Таван ажилтантай, ихэнх шугам гар үйлдэлтэй байсан. Баллонтой усаа өөрөө үүрээд цахилгаан шатгүй сууцны айлд хүргэлтээ хийж шатаар өгсөж уруудаж явдагсан. Бид одоо ч энэхүү хүргэлтийн үйлчилгээгээ үргэлжлүүлсээр байгаа" гэсэн юм. Өдгөө тус компани 60 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.


Даланбулаг брэндийн хөмүүлийн багц


Тус хамт олон говь нутгийн унаган ургамал хөмүүлийг ардын уламжлалт аргаар нөөшлөн үйлдвэртээ савлаж хэрэглэгчдэд хүргэж байна. Өнгөрсөн оноос хөмүүлийн багцыг худалдаанд гаргасан бөгөөд үүнд хөмүүлийн дарш, сорс, шүүс багтаж байгаа юм. 2018 онд Хүнсний технологийн их сургуультай хамтран хөмүүлийн бүтээгдэхүүн дээрээ судалгаа хийлгэсэн. Хөмүүл нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, чийг бам, ханиаднаас урьдчилан сэргийлэх ач тустай ажээ. Тухайн багцыг Япон улс руу гаргаж байгаа бөгөөд компанийнхний хэлж байгаагаар зүүн өмнөд Азийн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Хөмүүлийг хавар ургаж эхэлснээс хойш тэнгэр дуугарсны дараа түүх ёстойг өвгөд сургаж ирсэн байдаг. Үүнийг тайлбарлахдаа хор нь гардаг хэмээдэг байна. Говьд тэр дундаа Өмнөговь аймгийн говийн бүсэд ургадаг зэрлэг хөмүүлийн амт, чанар бусад газрынхаас илүү хэмээн үздэг. Бороо хур элбэг үед хөмүүл жилдээ хоёроос гурван удаа ургац авах боломж өгдөг. Хөмүүлийг ургасан үед нь ихээр түүж газар дээр нь даршлан нөөцөлдөг. Түүсний дараа шууд даршлахгүй хонуулбал "өлсөх" буюу мууддаг байна. Ийнхүү нэг түүж даршилсан хөмүүлийг бүтэн жилдээ хэрэглэж болдог. "Даланбулаг" брэндийн хөмүүлийг зөвхөн хөх давс ашиглан даршилдаг. Харин иргэд өөрсдөө гар аргаар даршлахдаа шар устай холих тохиолдол байдаг. 

Хөмүүлийг иргэд гар аргаар даршлаж мөн сорс болгон хатааж хоол амтлах зорилгоор хэрэглэж ирсэн. Харин тухайн компани албан ёсны сав баглаа боодолтой болгож худалдаанд нийлүүлж байгаагаараа онцлог юм. Мөн хөмүүлийн бүтээгдэхүүнүүдээ багц болгон худалдаанд гаргасан нь гадна дотны зочдод бэлэглэхэд тохиромжтой болсон. 


Эмчилгээ болон эрүүл мэндэд тустай тосон бүтээгдэхүүн


"Өнөд өвлөх урлахуй" ХХК-ийн захирлууд говь нутагт хаягдал болж буй тэмээний чөмгийг савлан худалдаанд гаргаад багагүй хугацааг үдсэн байна. Тэд энэ тухай ярихдаа "Тэмээний чөмгийг говьчууд их эртнээс ардын эмчилгээнд хэрэглэж ирсэн байдаг. Харин эл бүтээгдэхүүн өөрөө малчдын хогийн жалганд хаягдал болж байсан. Үүнийг хараад бүтээгдэхүүн болгож иргэдэд хүргэх санаа төрсөн" гэсэн юм. Тэмээний чөмгийг үе мөчний өвдөлт, арьсны харшил, шарх зэрэгт түрхэж хэрэглэдэг. Удаан хадгалсан байх тусам уг бүтээгэдхүүний чанар улам нэмэгдэж байдгаараа онцлог юм. Мөн хонины сүүлийн тосыг савлан иргэдэд хүргэж байна. Энэхүү тосыг ихэвчлэн нярай хүүхэдтэй эцэг эхчүүд хэрэглээндээ худалдан авдаг. "Даланбулаг" брэндийн дээрх тоснууд ямар нэгэн химийн бодис ороогүй цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог юм. 


Холбоотой мэдээ