Италид халдвар авсан хүний тоо 200 мянга давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-04-29 15:08:47

РОМ. /Daily Mail/. Италид коронавирусний халдвар авсан хүний тоо 200 мянга, нас барсан хүний тоо 27 мянга давлаа гэж тус улсын Иргэний хамгаалалтын газраас мягмар гарагт мэдээллээ.


Италид сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2091 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх өдрийнхөөс 300 гаруйгаар өсжээ. Мөн 382 хүн нас барсан нь өнгөрсөн бямба гаргаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. 


Италид халдварын улмаас нийт 27359 хүн нас барсан нь АНУ-ын араас хоёрдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт бөгөөд халдвар авсан хүний тоо 201505-д хүрснээр АНУ, Испанийн араас жагсаж байна. Түүнчлэн Италид нийт 68941 хүн эдгэрчээ.


Италид энэ сарын 28-ны байдлаар нийт 1.275 сая хүнийг шинжилгээнд хамруулсан гэж Иргэний хамгаалалтын газраас мэдээлжээ. Европын орнуудын дундаас хамгийн хатуу хийгээд удаан хөл хориог тогтоосон Италид мягмар гаргаас хязгаарлалтуудыг сулруулж эхэлсэн юм.


Италийн Ерөнхий Жузеппе Конте иргэдийг муж дотроо зорчихыг зөвшөөрч, дасгал хийхтэй холбоотой хязгаарлалтуудыг сулруулна гэж мэдэгдсэн байна. Мөн одоогоор зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлж буй шөнийн цэнгээний газар, зоогийн газруудыг ирэх тавдугаар сарын 4-нөөс “авч явах зориулалттай” үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрч эхэлнэ.


Италид номын дэлгүүр, хими цэвэрлэгээний газруудыг энэ сарын 14-нөөс нээсэн бол онцын шаардлагагүй дэлгүүрүүдийг ирэх сарын 18 хүртэл нээхгүй. Түүнчлэн музей, номын сангуудыг мөн 18-ны өдрөөс нээх төлөвтэй байна.


Харин үсчин, гоо сайхны салон, шөнийн цэнгээний газар, зоогийн газруудыг зургадугаар сарын 1-нээс нээхээр төлөвлөж байгаа хэдий ч зайнаас харилцах дүрмийг үргэлжлүүлэн баримтлахыг шаардана. Сургуулиудын хувьд есдүгээр сар хүртэл хичээллэхгүй юм. 

Холбоотой мэдээ