Эдийн засгийн хямралын улмаас 59 сая хүн ажлын байраа алдах эрсдэлтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-20 16:41:45

ЛОНДОН. / Financial Times/. Коронавирусний цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралын улмаас Европын холбооны улс орнуудад 59 сая орчим хүн ажлын байраа алдах эрсдэлтэй байгаа тухай “McKinsey and Company” олон улсын зөвлөн үйлчилгээ үзүүлдэг компанийн илтгэлд дурджээ.


Одоогийн нөхцөл байдал Европын холбооны хувийн хэвшлийн байгууллагад ажилладаг хүмүүсийн дөрөвний нэгээс илүү хувьд нь нөлөөлж магадгүй байна. Нийтийн хоолны газар, орон сууц, зочид буудлын салбарууд ийм цохилтод хамгийн их өртөх аж. Эдгээр салбарт ажилладаг хүмүүсийн 74 хувь нь ажлын байраа алдах эрсдэлд орж болзошгүй байна.


Жижиг, дунд үйлдвэрлэлийн ажилтнуудын гуравны хоёр орчим нь алсын зайнаас ажиллах, тусгаарлах дэглэмд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах нь хүндрэлтэй байхыг тус компанийн тайланд цохон тэмдэглэжээ. Хамгийн дор хувилбараар авч үзвэл, коронавирусний тархалтыг тогтоон барих зорилгоор хязгаарлалтын хатуу арга хэмжээ авч, Европын холбооны улс орнуудад ажилгүйдлийн түвшин ирэх онд хоёр дахин нэмэгдэж, 11.2 хувь болж нэмэгдэж болзошгүй байгааг мөн онцолжээ. 

Холбоотой мэдээ