Эрүүгийн хэргийн улмаас 133 сая төгрөгийн хохирол учирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-14 13:19:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны нэгдүгээр улиралд өмнөх оны үлдэгдэл 16 хэрэгт нэмж 82 эрүүгийн хэрэг хүлээн авчээ.

Шийдвэрлэвэл зохих нийт 98 эрүүгийн хэргээс 2 хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад буцаажээ. Мөн 1 хэргийг түдгэлзүүлж, 1 хэргийг шилжүүлж,  73 хэргийг шийдвэрлэсэн бөгөөд 21 хэргийн үлдэгдэлтэй байна. Шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 45 хэргээр буюу 45,9 хувиар өсжээ.

Хэргүүдийг төлөөр нь авч үзэхэд хүнийг алах гэмт хэрэг 3, бусдын эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах 3, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 29, хүчиндэх 4, хулгайлах 10, залилах 4, мал хулгайлах гэмт хэрэг 2 байна. Мөн хахууль авах 1, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 8, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 4, эрүүгийн хуулийн бусад зүйлээр 6 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэжээ.

Шүүхээр шийдвэрлэгдсэн 73 эрүүгийн хэргийн улмаас 49 эрэгтэй, 26 эмэгтэй, 2 насанд хүрээгүй хүүхэд, 6 хуулийн этгээд, 9 төрийн байгууллага хохирч, 4 хүн нас баржээ. Түүнчлэн 39 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 132,9 сая төгрөг байна.

Тус шүүх нь нэгдүгээр улирлын байдлаар 69 зөрчлийн хэрэг хүлээн авч 68-ыг нь шийдвэрлэжээ. Үүнээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 26, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 36, хулгайлах зөрчил гаргасан 6 байна. Зөрчлийн хэргийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 19 хувиар буурсан ажээ.

Холбоотой мэдээ