Сингапур Улс 3000 ширхэг оношлуур хандивлалаа

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-06 16:42:09
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сингапур Улсын “Темасек” олон улсын сангаас Монгол Улсад коронавирусний 3000 ширхэг багц оношлуур хандивлажээ. Тус улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны газраас хүлээн зөвшөөрсөн Fortitude 2.0 оношлуур шинжилгээг богино хугацаанд хийдгээрээ давуу талтай аж.


"COVID-19" цар тахал дэлхий дахинаа хурдацтайгаар тархаж буй өнөө үед энэхүү халдварт өвчнийг түргэн шуурхай, найдвартай оношлох нь улс бүрийн хувьд чухал юм. Иймд Сингапур Улсын судалгаа, шинжилгээний А*СТАР агентлагийн шинжээчид Fortitude 2.0 багц оношлуурыг зохион бүтээж, тус улсын эмнэлгүүдэд ашиглаж байна.


Fortitude 2.0 багц оношлуур сорьцыг хийх урьдчилан бэлтгэсэн тусгай урвалж бүхий хуруу шил болон сорьц авах бусад багажаас бүрдэнэ. Хуруу шилийг зориулалтын төхөөрөмжид байршуулснаар шинжилгээний хариу гардаг байна. 


Ташрамд дурдахад, энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа юм.



Холбоотой мэдээ