Баянхошуу боомтоор газрын тос тээвэрлэх бэлтгэл бүрэн хангагдаагүй

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-03-31 14:58:39

Дорнод /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Баянхошуу, Бичигтийн боомтод ажиллаж, тээвэрлэлт хийх бэлтгэл бүрэн хангагдаагүй гэж үзжээ.

Учир нь боомтуудад ариутгалын пунктын шүрших хэсгийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Тиймээс дахин бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэгдэв. Экспортын тээвэр эхлэх үед жолооч нар БНХАУ-ын хилийн боомтоор нэвтрэлгүй, хилийн дундын бүс дээр жолоогоо сольж Хятадын талд хүлээлгэн өгч байхаар зохицуулах аж. Энэ нь жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс Хятадын талд хонуулахгүй өдөрт нь багтаан оруулж ирэхийн тулд хийж буй зохицуулалт гэхэд болно.

Дээрх боомтуудаар Хятад улс руу газрын тос, жонш, нүүрс тээвэрлэж экспортод гаргадаг. Экспортын тээврийн хэрэгслийг бүрэн ариутгалд хамруулах үүднээс шаардлага хангасан ариутгалын пункт барихыг орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар "Петрочайна Дачин Тамсаг" компанид өмнө нь тавьж байсан удаатай.

Холбоотой мэдээ