“Boeing 737 МАХ” загварын нисэх онгоцны үйлдвэрлэлийг сэргээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-03-25 15:23:34

ВАШИНГТОН. /Reuters/. Америкийн “Boeing” корпорац “737 MAX” загварын нисэх онгоцныхоо үйлдвэрлэлийг тавдугаар сар гэхэд сэргээхээр төлөвлөжээ.


Тус компани "737 MAX"-ийн сэлбэг хэрэгслийг дөрөвдүгээр сард нийлүүлэхэд бэлэн байхыг зарим ханган нийлүүлэгчдээсээ хүссэн гэж “Reuters” агентлагийн эх сурвалжуудын нэг мэдээлжээ. Өөр нэг эх сурвалжийн мэдээлж байгаагаар, уг онгоцыг угсрах ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч коронавирусний нөхцөл байдлаас шалтгаалан тавдугаар сард болгож хойшлуулсан байна.


АНУ-ын эрх баригчид “Boeing” компанийг уналтад орохыг зөвшөөрөхгүй бөгөөд тус компанид санхүүгийн бага зэргийн дэмжлэг үзүүлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт мэдэгджээ.


"Boeing 737 MAX" загварын нисэх онгоц үйлдвэрлэхээ түр зогсоож байгаа тухайгаа “Boeing” компани өнгөрсөн оны 12 дугаар сард мэдэгдсэн билээ. Ийм загварын хоёр нисэх онгоц осолдож, 346 хүн амиа алдсаны дараа онгоцыг нислэгт ашиглахыг түр зогсоосон юм. Хоёр онгоц осолдохоос өмнө хоёуланд нь маневр гүйцэтгэх чадварыг сайжруулах системд доголдол гарсан гэдгийг “Boeing” компанийн удирдлага хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүний дараа ОХУ, АНУ, Европын Холбооны орнууд зэрэг дэлхийн олон улс аюулгүй байдлыг хангах үүднээс ийм загварын нисэх онгоцуудыг нислэгт ашиглахыг түр зогсоосон билээ.


Холбоотой мэдээ