Энэтхэгээс 1 тэрбум долларын зээл авахыг УИХ дэмжлээ

Дэлхийд | Эдийн Засаг
nyamtulga@montsame.mn
2016-04-28 17:21:47

ВАШИНГТОН. /Intellinews/. Энэтхэгээс нэг тэрбум долларын зээл авах тухай тохиролцоог Монголын УИХ энэ сарын 26-нд дэмжлээ гэж тус улсын төсвийн байнгын хороо мэдэгдсэнийг “МОНЦАМЭ” агентлаг уламжиллаа.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн өнгөрсөн оны тавдугаар сард Монголд хийсэн айлчлалын хүрээнд тус улсад олгох нэг тэрбум долларын зээлийн шугам нээнэ гэж Энэтхэгийн Засгийн газар амласан билээ. Үүний дагуу хоёр орны Засгийн газрууд энэ оны гуравдугаар сараас зээлийн хэлэлцээрийн нөхцлийг хэлэлцэж эхэлсэн юм. Энэтхэгийн тал жилийн 1.75 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох санал тавьжээ.

“Оюутолгой” ордын далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг Монгол Улс байгуулсны дараа Энэтхэгийн тал дээрх шийдвэрийг гаргасан байна. Урт хугацаанд зогсонги байдалд ороод байсан “Оюутолгой” ордын далд уурхайн бүтээн байгуулалтын хэлэлцээг хамгийн нааштай байдлаар зохицуулсан гэж олон хүмүүсийн үзэж байна. Уг гэрээ нь гадаадын хөрөнгө оруулалт татахтай холбоотой бэрхшээлээс Монголыг ангижруулсан юм.

Гэрээг байгуулахаас өмнө Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалт буурсан байсан бөгөөд үүний зэрэгцээ улс төрийн тодорхойгүй байдал, эдийн засгийн мөчлөг суларч байсан зэрэг нь хөрөнгө оруулагчид болон донор орнуудыг Монголоос зайгаа барихад хүргэсэн билээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих уг гэрээг өнгөрсөн оны хоёрдугаар хагаст байгуулсан хэдий ч  оны эцэс гэхэд Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ бага хэвээр буюу 232 сая доллар байсан нь 2014 оныхоос доогуур үзүүлэлт байсан юм. 2014 онд Монголыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт 381.9 сая доллар байсан бол 2013 онд 2.14 тэрбум доллар байжээ.

Энэтхэгээс олгох зээл Монголын дэд бүтэц, эдийн засгийг чадавхийг нэмэгдүүлэхэд тус дэм болно гэж Моди мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ