Коронавирусний улмаас Хятадад жижиглэнгийн худалдаа буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-03-16 14:21:23

БЭЭЖИН. /RIA Novosti/. БНХАУ-д өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны хэмжээ 2020 оны эхний хоёр сарын хугацаанд өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.5 хувиар буурч, 5.2 их наяд юаньд /744.6 тэрбум орчим ам.доллар/ хүржээ.


Энэ бууралт коронавирусний халдвар дэгдсэнтэй холбоотой гэж тус улсын Улсын статистикийн товчооны албан ёсны төлөөлөгч хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


Нэгээс хоёрдугаар сарын хугацаанд жижиглэнгийн худалдаа 0.8 хувиар өснө гэж Хятадын шинжээчид таамаглаж байжээ. Дурдсан хугацаанд тус улсын хотуудад жижиглэнгийн худалдаа 20.7 хувиар буурч, 4.48 их наяд юань болсон бол хөдөө орон нутагт  724.9 тэрбум юаньд хүрсэн нь 19 хувиар буурсан үзүүлэлт аж. Мөн онлайнаар хийсэн жижиглэнгийн худалдааны хэмжээг 2019 оны мөн үетэй харьцуулахад 3 хувиар буурч, 1.37 их наяд юань /195.8 тэрбум ам.доллар/ болсон байна.


Өнгөрсөн онд Хятадад жижиглэнгийн худалдааны хэмжээ найман хувиар өсч, 41.2 их наяд юань / 5.98 орчим их наяд ам.доллар/ болсон байна. Харин онлайн дэлгүүрүүдийн жижиглэнгийн худалдаа 10.63 их наяд юаньд /1.54 их наяд ам.доллар/ хүрч, 16.5 хувиар өсжээ.


Холбоотой мэдээ