БНАСАУ алсын тусгалтай их бууны ангийн хээрийн сургууль хийснээ мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-03-03 11:33:53

ПЁНЬЯН. /TASS/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун даваа гарагт алсын тусгалтай их бууны ангийн хээрийн сургуулийг удирдан явууллаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.


“Солонгосын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга бөгөөд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч нөхөр Ким Жөн Ун гуравдугаар сарын 2-ны өдөр Солонгосын Ардын армийн алсын тусгалтай их бууны ангийн сургуулийг ажиглалтын цэгээс биечлэн удирдаж, “цэргүүдэд гал нээх тушаал өглөө” гэж тус агентлагийн мэдээнд онцлон тэмдэглэсэн байна. KCNA агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Ун сургуулилалтын үр дүнд "сэтгэл маш хангалуун байгаагаа" илэрхийлжээ.


БНАСАУ-ын Вонсан хот орчмоос Япон тэнгис рүү ямар ангиллынх нь үл мэдэгдэх хоёр пуужин харвалаа гэж БНСУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хороо даваа гарагт мэдээлсэн билээ. Пуужингууд 35 метрийн өндөрт, 240 км зайд ниссэн байна. Японы эрх баригчдын үзэж байгаагаар, БНАСАУ ойрын зайн тусгалтай баллистик пуужин харважээ. Умард Солонгос он гарснаас хойш анх удаа пуужин харвасан нь энэ юм. Тус улс өнгөрсөн онд 13 удаа пуужингийн туршилт явуулсан бөгөөд ойрын зайн тусгалтай 24 баллистик пуужин харважээ. 


 


Холбоотой мэдээ