Ховдод дуу цахилгаантай бороо оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-26 18:08:21

Өнгөрсөн амралтын өдөр буюу 2016 оны 4 сарын 24-ний өдрийн 14 цагаас эхлэн Ховд аймагт аймгийн төвд маш хүчтэй тэнгэр дуугарч, мөндөр, бороо холилдон орж хүчтэй цахилгаан цахилж байгалийн онцгой үзэгдэл боллоо.

Үргэлжлэн 3 цаг орчим орсон борооны дараа хотын төвийн засмал зам усаар хучигдаж, энд тэндгүй ус тогтоолж, хүн явган явахад хүндрэл үүсгэж байсан.

Зарим хөгшчүүл зуны сарын эхэнд тэнгэр дуугарахад Алтай дэлхийдээ сүү өргөдөг, харин хаврын сард тэнгэр дуугарч, гал цахилж хүчтэй мөндөр орж байгааг анх удаа үзэж байна гэцгээж байсан юм.

Байгалийн өвөрмөц сонин үзэгдэл байгаль цаг уурын өөрчлөлт бидний амьдралд санамсаргүй байдлаар тохиолдож байгааг хоёр өдрийн өмнө орсон  ширүүн бороо, мөндөр харуулж байна.

Харин Ховд хотын захын гэр хороололд тус өдөр албан бус мэдээгээр айлын гэр дээр аянга бууж гэр орон нь үнс болтлоо шатсан, азаар хүний амь наснаас холуур өнгөрсөн гэж хүмүүс ярьж байна. 

Энэ хавар зарим өдөр хэт халуун, зарим өдөр сэрүүн хуйсгануур салхитай, зарим өдөр ширүүн бороо, мөндөртэй өвөрмөц сонин  үзэгдлүүд олонтаа тохиож байна.

                                             А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ