Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-02-26 23:10:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн 37 улсад тархаж, иргэдэд агаар дуслын замаар халдварлах аюултай шинэ коронавирусний /COVID-19/ халдварт өвчний тархалт хөрш улс орнуудад буурахгүй байгаатай холбогдуулан өнөөдөр Улсын Онцгой комисс хуралдаж тодорхой шийдвэрүүд гаргасан.


Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс 97 хувийн ирцтэй  өргөтгөсөн хуралдаан хийж, хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж, Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223  тоот захирамж гарлаа.


Захирамжийн агуулга нь нийслэлийн иргэдийг коронавирусний халдвараас хамгаалах, түүнд өртөхөөс урьчилсан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэжээ.

 

Уг захирамжид:

 

-Улаанбаатар хот руу орох, гарах автомашины хөдөлгөөнийг 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн хориглох


-Нийслэлийн хэмжээнд бүх төрлийн баар, фитнесс, саун, дэн буудал, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газруудын үйлчилгээг 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоох


-Нийтийн тээврийн үйлчилгээг УОК-ын шийдвэрийн дагуу 3 сарын 03-ны өдөр хүртэл тусгай зохицуулалттайгаар иргэдэд хүргэх


-Шинэ коронавирусний халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэх, илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа амралт, сувиллын газрын судалгааг гаргах ажлын хэсгийг байгуулах


- Ресторан, пабын үйл ажиллагааг 22 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрөх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр болж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгөв.




Холбоотой мэдээ