Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөртэй тэмцэх аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 17:27:39

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар, Хөдөлмөрийн хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран “Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах нь” сэдэвт аяныг зохион байгуулахаар болоод байна.

2011 онд баталсан “Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөртэй тэмцэх” үндэсний хөтөлбөр нь 2011-2013, 2014-2016 он гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжээд энэ онд дуусгавар болж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 сарын 8-ны өдрийн А/36 тушаал гарч, насанд хүрээгүй хүүхдүүд эрхлэх хориотой 11  чиглэл бүхий 79 ажлын жагсаалтыг олон нийтэд сурталчлан таниулах тухай заавар өгсөн байна.

Тиймээс дээрх байгууллагууд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөртэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хөдөлмөр эрхлэж буй хүүхэд, түүний гэр бүлийн судалгааг шинэчлэн гаргах, эцэг, эхчүүдийг нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамруулж, ажлын байранд зуучлах, тэвчишгүй хөдөлмөрийг хэрхэн устгах талаар хэлэлцүүлэг зохион байгуулах, хүүхдүүдээр хийлгэж болохгүй ажлын жагсаалтыг гарын авлага, богино хэмжээний видео бичлэг хэлбэрээр олон нийтэд хүргэж сурталчлах ажлыг хийх аж.

Өвөрхангай аймагт 2011 онд 649 хүүхэд хүнд хэлбэрийн ажил эрхлэж байгаа гэсэн судалгаа гарч байсан бол 2016 оны байдлаар 217 хүүхэд хөдөлмөр эрхлэж байна гэсэн дүн мэдээтэй байгаа юм.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ