Б.Баярчимэг: Үр удамдаа үндэстэй, сайхан бүхнийг үлдээхийн төлөө амьдралаа зориулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-02-16 14:34:31

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг "Хатан хармаг" ХХК бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргаад байгаа.

Говийн хармаг жимсыг Өмнөговийнхоо төдийгүй Монгол Улсынхаа брэнд бүтээгдэхүүн болгохоор зорьж байгаа “Хатан хармаг кластер” хөгжлийн хөтөлбөрийг санаачлагч Бүдээгийн Баярчимэгтэй үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн болон хийж байгаа ажлуудынх нь талаар ярилцлаа.  

- Говь нутгийн хармаг жимсийг брэнд болгох санаагаа хаанаас олсон бэ?

- Хармагийг хамгаалж эхэлсэн цагаасаа бүтээгдэхүүн болгож эдийн засгаа босгоод, түүгээрээ хармагаа хамгаалах, үржүүлэх талаар бодсон доо. Мөн говийн иргэдийн уламжлалт аргаар хийдэг дарснаас энэхүү санаа төрсөн.

- Одоо хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?

- Арваад төрлийн цай, дөрвөн төрлийн саван, хармагтай аарц, хармагтай шимийн архи, дөрвөн төрлийн шүүс үйлдвэрлэж байгаа.


- Түрүүнд та хармагийг хамгаалж эхэлсэн гэж ярьсан. Хэдийнээс, яагаад хамгаалахаар зорьсон юм бол?

- Бид гэр бүлийн хамтраад тоосго үйлдвэрлэдэг учраас байгальд ээлтэй ажил хийхийг зорьсон.Үүний тулд цөлжилтийн эсрэг ойжуулалтын ажил хийе гэж ярилцаад 2005 онд Хөдөө аж ахуйн танхимын гишүүн байгууллагуудыг уриалан Далангийн голд эхний 50 модыг суулгаж ажлын гарааг эхэлсэн.

Үүнээс хойш аймгийн төвийн төв цэцэрлэгт хүрээлэн болон үйлдвэр, аж ахуйн хашаандаа улиас, хайлаас зэрэг мод тарьж ургуулах явцдаа үндсэн ажлын хажуугаар ойжуулах ажлыг хийхэд асар их хөрөнгө хүч хэрэгтэйг ойлгож, говийн ойжуулалтыг жимсний модоор хийх санаа төрсөн.

Ингээд үйлдвэрийнхээ хашаанд чацарганы мод тарьж, гурван жилийн дараа жимс авч эхэлсэн. Өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломж нь жимс өөрөө. Гэтэл боловсролт эрт явагддаг учраас эрсдэлтэй байсан. Энэ хугацаанд бид говийнхоо ихэнх нутгаар ургадаг сондуулийн жимслэлт жилээс жилд багасч, магадгүй 10-20 жилийн дараа устах аюул ойртсоныг анзаарсан.

Учир нь байгалийн нөхөн сэргээлт удаашралтай, зарим газар зогссон байсан. Тиймээс хамгаалах, тариалах, үржүүлэх ажлыг хийхээр шийдсэн.

- Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд нийлүүлдэг гэсэн. Энэ талаараа та ярих уу?

-Одоогоор БНХАУ руу гаргаж байна. Шанхайн "China expo"-д дэлхийн 160 гаруй орон оролцдог, хамгийн том үзэсгэлэн худалдаа. Энэ жил хоёр дахь удаагаа манай “Хатан хармаг” ХХК оролцлоо.

Үзэсгэлэн худалдаанд оролцож дистрибьютр компанитай болсон. Цаашдаа манай талаас тогтмол ханган нийлүүлэлт хийж ажиллана. Одоогийн байдлаар бүх хятадын зах зээл дээр манай бүтээгдэхүүнийг боруулах боломжтой болсон.

Бид Монгол орноо хармагийн орон болгохоор зорьж байгаа. Сонин дуулгахад 21 аймаг, Улаанбаатар хотод Хатан хармаг кластер тариаланчдын төлөөлөлтэй болсон шүү.

- Говийн батоник хүрээлэн байгуулах ажлыг эхэлсэн. Энд хэдэн төрлийн ургамал тариалж байна вэ?

-Галтууд ХХК нь говийн ургамлуудыг хамгаалах, тариалах, генийн санг хадгалах зорилгоор “Байгалийн жимст бут хамгаалах”, “Хатан хармаг кластер” хөгжлийн хөтөлбөрүүдийг бие даан хэрэгжүүлж байгаа.

Дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд хийж байгаа ажлуудын нэг нь говийн ботаник цэцэрлэгт хүрээлэн. Энд говийн 10 гаруй төрлийн мод, бут, 30-аад төрлийн байгалийн ургамал тариалаад байна.

- Гоёог тарималжуулж байгаа гэж сонссон?

- Говийн ботаник цэцэрлэгт хүрээлэнд хайлаас бүйлс, харгана, заг, жигд, шар хуайс, сухай зэрэг говийн гол гол мод, бут ургамал тариалалт эхэлсэн.

Мөн нэн ховор ба ховор ургамлыг хамгаалах, үржүүлэх ажилд анхаарч байна. Энэхүү ажлынхаа хүрээнд 2019 онд цагаан гоёо, улаан гоёо тарималжуулах туршилт хийсэн.

Байгаль дээр нь шууд туршиж байгаа, үр дүнг хүлээж байна. Хамгийн анх 2012 онд шилжүүлсэн сэжмээр ургасан бут жимсээ өгөөд эхэлсэн төдийгүй үржээд хэд  хэд болчихсон. Энэ бутны гоёо ургачихсан байгаа.

-Тоосгоны үйлдвэрлэлээр олонд танигдсан хүн сүүлийн жилүүдэд хармаг гээд гүйдэг боллоо. Цаашдын зорилго юу байна вэ?

- Бид гэр бүлээрээ тухайн бизнесийг эрхэлдэг. Бидний гол зорилго тогтвортой ногоон хөгжлийг дэмжиж байгалийн ургамлыг хамгаалахаас гадна уламжлалт мэдлэг, түүнд суурилсан генетик нөөцийг үр ашигтай эдийн засаг болгон өсгөх юм.

Эдийн засгийг солонгоруулан хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахын тулд эхэлсэн ажлуудаа тогтвортой үргэлжлүүлнэ. Хармаг, түүний хүн ба байгальд үзүүлэх үр шим асар их. Тиймээс эх орныхоо өнцөг булан бүрт тарьж ургуулах ажлыг эхэлж байгаа.

Цаашлаад хармаг болон говийн ургамлуудын судалгаа шинжилгээний ажлуудыг эрдэмтэд судлаачид, их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй хамтран зохион байгуулна. Хармагийг дэлхийд танигдсан жимс болгохын төлөө л ажиллаж байна даа


- Сүүлийн асуултаа танд үлдээе?

-Хүний нутаг орноо, байгаль дэлхийгээ шүтсэн сэтгэл агуу байдаг юм байна. Энэ хүрэх зам хялбар байсангүй. Тууштай байдал, хөдөлмөрлөж амьдрахыг утга учрыг аль алинд маань олгосон аав, ээжүүддээ баярлаж байна.

Эргээд харахаар багагүй цаг хугацааг зориулжээ. Маш их эрсдлийг үүрч бүтээж байгаа болохоор үр шим нь олон түмэнд хүрнэ гэж үргэлж итгэдэг. Ийм сайхан нутагт төрсөн хүмүүс чинь өдий зүйл бүтээлгүй яах вэ гэж ярилцаад урам, зориг дүүрэн явна.

Хармаг ч өөрөө үзэсгэлэн гоо, сайхан бүхнийг ундруулсан хамгийн гоё энергитэй ургамал. Нэг үрнээс гарч байгаа салаа мөчир бүрийнх нь тоогоор сайхан бүхэн ундарч байдаг.

Ингээд яриад байвал дуусахгүй. Ер нь бид өөрт байгаа бүхнээрээ бахархаж, түүнийгээ хөгжил болгон урагшилбал ёстой л дэлхийн дээвэрт гарах боломж их юм.

Бидний хүрээлэнд байгаа бүхэн шижир алт. Түүнээс бид ургадаг нөөцүүдээ зөв зүйтэй ашиглаж, үр удамдаа үндэстэй сайхан бүхнээ үлдээх тухайд энэ амьдралаа зориулахыг хичээж байна.

Холбоотой мэдээ