Өмчлөл болон эзэмшлийн зориулалтаар 1000 гаруй иргэнд газар олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-02-04 17:04:12

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ онд тус аймгийн хэмжээнд өмчлөлийн болон эзэмшлийн зориулалтаар 1000 гаруй иргэнд шинээр газар олгохоор төлөвлөжээ. Ингэхдээ урьд онуудад иргэдийн өгсөн өргөдлийг шийдвэрлэх замаар зарим газрыг олгох юм байна.

Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг аймаг, сумын ИТХ-аар хэлэлцэн баталдаг. Аймгийн ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 04-ний ээлжит хурлаар Сүхбаатар аймгийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Улмаар өмчлөлийн зориулалтаар 900 орчим, эзэмшлийн зориулалтаар 180 гаруй иргэнд шинээр газар олгоно.

Газрыг эзэмшил болон өмчлөлийн зориулалтаар авсан ч түүнийгээ ашиглахгүй байх тохиолдол гардаг. Ийм тохиолдолд холбогдох газрын зүгээс хяналт тавьж, зарим тохиолдолд хуулийн дагуу болон аймаг орон нутгийн хэмжээнд зохих хариуцлага тооцон ажиллаж байна. Мөн энэ онд нийтийн эзэмшлийн зам талбайн газарт нэвтэрсэн, зөвшөөрөлгүй явган хүний зам, талбайг сэтэлж хашаа хаалт барьсан асуудлуудыг албан ёсоор цэгцлэх ажлыг эхлүүлнэ гэдгийг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Б.Гансүх хэллээ.

 

 

Холбоотой мэдээ