Баян-Өлгийнхөн Австралийн ой хээрийн түймэрт өртсөн иргэдэд хандив өргөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-31 22:00:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс "Австралийн ой хээрийн түймэрт өртсөн иргэдэд туслах хандивын аян"-ыг энэ сарын 15-ны өдөр зарласан. Тус аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн Улаан загалмайн хороо хандив цуглуулах ажлыг аймгийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд зохион байгуулжээ.

"Австрали Улсын Улаан загалмайн нийгэмлэг болон тус улсын ард иргэд Баян-Өлгий аймагт тусламжийн гараа сунгаж ирсэн. Тухайлбал, өмнөх жилүүдэд Дэлүүн, Алтай суманд галын сарай барих, гал унтраах баллонтой болгох, Буянт, Алтай сумын малчдад зориулж өвөлжөө барих,  зуд болсон жилүүдэд малчдад дэмжлэг үзүүлэх зэргээр олон арван сая төгрөгийн тусламжийг үзүүлж байв. Харин энэ жил Австрали Улсад ой хээрийн түймэр гарч, их хэмжээний хохирол амсаж байгаа. Зовсон цагт нөхрийн чанар танигддаг тул тус улсын иргэдэд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ажлын алба, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, сумдын ЗДТГ зэрэг 20 орчим албан байгууллагын ажилтан албан хаагчид, иргэдийн төлөөллөөс 500 гаруй хүн сэтгэлийн дэм үзүүлж хандив өргөлөө" хэмээн Баян-Өлгий аймгийн Улаан загалмайн хорооны дарга Х.Ертай хэллээ.

Баян-Өлгий аймгийн иргэдээс цугласан хандивын мөнгийг өнөөдөр МУЗН-т албан ёсоор шилжүүлэн өгсөн байна.

Холбоотой мэдээ