Олон нийтийн газруудад халдвар хамгааллын дэглэм тогтоож, хяналт тавьж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-01-27 17:55:24

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс өнөө өглөө хуралдаж, коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Тухайлбал, аймаг, сумын хэмжээнд олон нийтийг хамарсан аливаа уралдаан тэмцээн, урлаг соёлын үйл ажиллагааг

3 дугаар сарын 2-ныг хүртэл зохион байгуулахгүй байхыг сум, хэлтэс албадын дарга нарт үүрэг болголоо. Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн тусламж үйлчилгээ, бэлэн байдлыг хангаж ажиллахыг ЭМГ-ын дарга, аймаг, сумын эрүүл мэндийн төвийн дарга нарт үүрэг болгосон юм.

Түүнчлэн аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд болон Хөдөлмөрийн дээд сургууль, Улаангом политехник коллеж, интернэт тоглоомын газруудын үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр 3 дугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд түр хязгаарлахаар боллоо. Энэ хугацаанд цахим хэлбэрээр хичээл сургалтын үйл ажиллагааг явуулахыг БСУГ-ын удирдлага болон сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт үүрэгдлээ. Мөн аймгийн Төв номын сан ажиллахгүй бөгөөд гэрээр ном олгох ажлыг зохион байгуулах аж. Тэрчлэн, Улаанбаатар хот болон бусад аймаг, хотуудаас нийтийн тээврийн автобус, онгоцоор зорчин ирж байгаа хүмүүст халдвар хамгааллын дэглэм тавих, амны хаалт зүүлгэх, халууныг үзэж хэмжих талаар ажлын хэсэг гарган ажиллуулахаар боллоо.

Үүнээс гадна олон нийтийн худалдаа үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм тогтоож, хяналт тавьж ажиллах юм байна. Аймгийн ЭМГ-аас ард иргэдэд амны хаалтыг тогтмол зүүж хэвших талаар зөвлөмж чиглэл өгнө. Мөн хилийн хяналтыг сайшруулах, тандалт судалгааг эрчимжүүлэх, хариу арга хэмжээг авч ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

Тэрчлэн 0-5 хүртэл насны хүүхэдтэй эмэгтэйчүүд, өрх толгойлсон аавуудыг богиносгосон цагаар ажиллуулахаар боллоо. Өөрөөр хэлбэл, тэд өглөөний 09,00 цагаас өдрийн 16,00 цаг хүртэл ажиллахаар боллоо. 

Холбоотой мэдээ