Т.Батдондог: Дулааны станц, “Булган мээж” ХХК-ийн зөрчил хэрэглэгчдийг хохирооход нөлөөлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-01-10 12:17:43

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт дулааны станц ашиглалтад орсон ч дулаан үйлдвэрлэх, түгээх ажилд доголдол гарч, хуучин уурын зуухаа нэмж галлан хэрэглэгчдийг дулаанаар ханган онд орж байгаа юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт аймгийн ИТХ-аас төв суурингийн өвөлжилтийн байдал тавгүйтсэн нөхцөл байдлыг газар дээр судалж дүгнэлт гаргах мэргэжлийн байгууллагын ажлын хэсэг ажиллуулах хүсэлтийг тавьсан байна. Энэ хүсэлтийн дагуу Эрчим хүчний яамны ажлын хэсэг тус аймагт ажиллалаа.


Эрчим хүчний яамны дулааны хэлтсийн дарга Т.Батдондог:

-Булган аймгийн төвд орчин үеийн техник технологитой дулааны станц ашиглалтад орсон нь сайшаалтай. Өнөөдрийн байдлаар дулааны станц болон дулаан дамжуулах үйл ажиллагаа хэвийн явж байна. Цаашид шугам сүлжээг шинэчлэх өргөтгөх, халаалт муу байгаа хэрэглэгчийн халаалтын системийг шинэчлэх, угаах, цэвэрлэх зэрэг зайлшгүй хийх ажил байна. Дээр нь дулааны төв гол шугамыг өргөтгөх ажил хийх шаардлагатай. Энэ ажил аймгийн төсөв, төлөвлөгөөнд тусгагдаагүй байгааг анхаарах хэрэгтэй байна.

Булган сумын өвөлжилтийн өнөөдрийн нөхцөл байдалд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл Дулаан станц, “Булган мээж” компанийн харилцааны асуудал байна. Үүнийг шийдэх хэрэгтэй. Энэ асуудал өвөлжилтийн нөхцөл байдал доголдож байгаа шалтгааны нэг зангилаа байна. Хэрэглэгчдийг дулаанаар хангах, орчны бохирдлыг бууруулах нэг зорилгын төлөө хамтран ажиллах ёстой гэлээ.

Дулааны эрчим хүч хэрэглэсний орлогын 70 хувийг Дулааны станц, 30 хувийг “Булган мээж” ХХК авахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.

Эрчим хүчний яамны ажлын хэсэгт бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ё.Энхтуяа, Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Д.Мөнхжаргал нарын хүмүүс ажилласан бөгөөд Булган аймгийн төвийн дулааны эрчим хүчний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт танилцуулах юм байна.

Холбоотой мэдээ