В.Путин Истанбулд хүрэлцэн очжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ИСТАНБУЛ. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Турк улсад мягмар гарагт хүрэлцэн очсон байна. Тэрбээр өнөөдөр тус улсын Ерөнхийлөгч Тайип Эрдогантой хэлэлцээ хийхээс гадна, хий дамжуулах “Туркийн урсгал” хоолойг ашиглалтад оруулах ёслолд оролцоно.
В.Путин мягмар гарагийн орой олон нийтийн арга хэмжээ зохион байгуулаагүй бөгөөд айлчлалын албан ёсны хөтөлбөр өнөөдөр эхэлнэ. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Туркийн төрийн тэргүүнтэй хэлэлцээ хийх үеэрээ хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай, түүнчлэн олон улсын сэдвийг, тэр дундаа Сири, Ливийн байдлыг хөндөх төлөвтэй байна.
Харин Туркийн удирдагч “CNN Turk” сувгаар өмнө нь мэдээлэхдээ, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй Сирийн Идлиб мужид гал зогсоох асуудлыг, мөн Сири, Ливийн байдлын талаарх Орос-Туркийн санамж бичгийн хэрэгжилтийг хэлэлцэхээр төлөвлөж байна гэжээ.
В.Путин мягмар гарагт Туркт очихынхоо өмнө Сирийн нийслэл Дамаск хотод айлчилж, тус улсад байрлаж буй ОХУ-ын Зэвсэгт хүчний цэргүүдийн командлалын цэгт очсон байна. Тэрбээр мөн Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай уулзжээ. Айлчлалын хүрээнд мөн ОХУ, Сирийн төлөөлөгчид хэлэлцээ хийсэн байна.