Хамтран зүтгэгчид нь Хуан Гуайдог парламентын даргаар сонгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МЕХИКО. /RIA Novosti/. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн хамтран зүтгэгч депутатууд нэгэн сонины газар хуралдаж, түүнийг тус улсын Үндэсний Ассамблейн /парламент/ даргаар хэвээр үлдээхээр шийдсэнээ мэдэгджээ.
Өмнө нь Венесуэлийн парламентын албан ёсны хурлын үеэр Гуайдогийн оронд эрх баригчдын талыг дэмжигч депутат Луис Парраг парламентын даргаар сонгожээ. Шинэ спикерийн томилгоо хууль ёсны дагуу болсон гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн байна.
“Санал зөрөлдөөн, сүрдүүлгийг үл харгалзан үндэсний эв нэгдэл, эрх ашиг яллаа” гэж тус улсын парламентын “Twitter” хуудсанд гарсан мэдээлэлд дурджээ. Гуайдо 2019 оны эхээр өөрийгөө парламентын дарга гэдэгт үндэслэн Венесуэлийн түр Ерөнхийлөгчөөр зарласан юм. Луис Паррагийн төлөө өмнө нь саналаа өгсөн эрх баригчдын талыг баримтлагч депутатууд болон сөрөг хүчнийхэн “El Nacional” сонины редакцид болсон хуралд оролцоогүй байна.
Гуайдогийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан Үндэсний Ассамблейн даргын сонгууль болжээ.
2019 оны эхээр Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараахан түүний эсрэг олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа эхэлсэн юм. АНУ тэргүүтэй Өрнөдийн хэд хэдэн орон Гуайдог Венесуэлийн түр Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрсөн бол Гуайдог АНУ-ын утсан хүүхэлдэй гэж Мадуро мэдэгдсэн. Мадурог Венесуэлийн хууль ёсны Ерөнхийлөгчийн хувиар дэмжиж байгаагаа ОХУ, БНХАУ, Турк болон өөр хэд хэдэн улсын эрх баригчид илэрхийлсэн билээ.