Дундговь аймаг салбаруудын ”Шилдэг” ажилтнуудаа тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-31 18:49:50
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Шинэ оны босгон дээр Дундговь аймаг эрүүл мэнд, ХАА, биеийн тамир, спорт, соёл урлаг, Захиргаа, хууль эрх зүйн салбарын 2019 оны “Шилдэг төрийн албан хаагч” болон “Шилдэг менежер”-ээ тодруулж, тус бүр нэг сая төгрөгөөр шагналаа.

Дундговь аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа М.Адъяабаатар төрийн байгууллагын удирдлагуудаас ажлын амжилт, бүтээлээрээ тэргүүлж “Шилдэг менежер”-ээр шалгарчээ. Аймгийн ОБГ нь Монгол Улсын хэмжээнд Онцгой байдлын байгууллагуудыг ажил үйлсээрээ тэргүүлэн, идэвх санаачилгатай ажиллаж, салбарынхаа оны “Тэргүүний хамт олон” болсон амжилтыг үзүүлсэн юм.

Эрүүл мэндийн салбарын “Шилдэг төрийн албан хаагч”-аар Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн ахлах эх баригч А.Алтанчимэг, Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн арга зүйч сувилагч Д.Долгорсүрэн нар, Хөдөө аж ахуйн салбарын “Шилдэг төрийн албан хаагч”-аар ХХААГ-ын Мал үржлийн албаны дарга, аймгийн ерөнхий мал зүйч Ж.Батбилэг шалгарчээ.

Харин Биеийн тамир, спортын салбарын “Шилдэг төрийн албан хаагч”-аар Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч Ц.Отгончулуун, Соёл, урлагийн салбарын “Шилдэг төрийн албан хаагч”-аар аймгийн Төв номын сангийн сүлжээний инженер, бичиг хэргийн ажилтан Ө.Ууганбаяр, Өндөршил сумын Соёлын төвийн эрхлэгч Т.Мөнхцэцэг нар тус тус шалгарсан байна.

Захиргаа, хууль эрх зүйн салбарын “Шилдэг төрийн албан хаагч”-аар Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Цэнгэлмаа, ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч Д.Батзаяа нар шалгарч, өнгөрсөн оноо эрч хүч, амжилт бүтээлээр үдэж, шинэ онтойгоо учран золгож байна. 

Холбоотой мэдээ