Ахмад тамирчид 2020 оноо амжилт дүүрэн угтаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-28 13:55:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ахмад тамирчдын сүүлийн жилүүдэд тив, дэлхийн дэвжээнд гаргасан амжилтууд нь биеийн тамир, дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалан дуудсан, ач холбогдлыг нь таниулж, үлгэр дууриалал болсон билээ.


Нийтийн биеийн тамир, дасгал хөдөлгөөнийг дээдэлсэн хүн бүр эрүүл энх, аз жаргалтай аж төрөхийн баталгаа гэдгийг Монголын мастеруудын биеийн тамир спортын хороо /ММБТСХ/-ны орон даяар өрнүүлсэн ажил хэрэг нотлон харуулж байна.


Тус хорооны ерөнхийлөгч, МҮОХ-ны гишүүн, Олон улсын Граунд гольфийн холбооны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатартай уулзаж холбооны үйл ажиллагааны талаар хөөрөлдлөө.




-Танай холбоо 2019 оноо ямар ололт амжилтаар үдэж байгаа бол?   


-Монголын мастеруудын биеийн тамир спортын хороо ТББ шинэ бүтэц, зохион байгуулалтаар байгуулагдаад 2 жил гаруй болж байна. Гол үйл ажиллагаа нь 21 аймаг, нийслэл, дүүрэгт салбар хороодоо байгуулж үр дүнтэй ажиллаж байгаа. Жил бүр удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулж ажлаа дүгнэдэг. Мөн жил бүр оны шилдгүүдээ шалгаруулах “Алтан хараацай” наадмаа хийж шилдгүүдээ тодруулж шинэ жилийн баяраа тэмдэглэдэг. Энэ 2019 оны хувьд амжилтын арвин ургацтай жил боллоо.


-Дэвшүүлсэн зорилт, амжилтынхаа талаар товч танилцуулна уу?


-ММБТСХ-ноос 2019 онд 2 том зорилт дэвшүүлсэн. Нэгд, улс орны хэмжээнд нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлж 100 мянгаас доошгүй хүнийг хамруулах зорилт тавьсан бөгөөд 20 гаруй спортын төрлөөр 120 мянган гаруй хүн хамрагдлаа. Хоёрт, ахмад тамирчдаа тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргуулах зорилт дэвшүүлж, 13 дэлхийн ахмадын аварга төрлөө. Тухайлбал, Польш улсад болсон хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ээс 85 настай Ц.Раднаа гуай 400 метрийн гүйлт, гурвын харайлт, алхалттай гүйлтийн төрөлд дэлхийн аварга боллоо. Мөн 82 настай Т.Цэрэндолгор хөнгөн атлетикийн ДАШТ-ий ядро, зээрэнцэг, дүүгүүр шидэлт, таван төрөлтөөр нийтдээ 10 гаруй алтан медаль хүртсэн амжилтаар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн. Хүндийн өргөлтийн спортоор Ц.Оюунчимэг, Ш.Лхагва нарын ахмад тамирчид ДАШТ-ээс аваргын олон титэм аваад байгаа. Жүдо, чөлөөт бөх, пауэрлифтингийн спортоор өндөр амжилт гаргасан бөгөөд олон ахмад тамирчин үеийнхэндээ болон хүүхэд, залууст үлгэр дүүриалал үзүүлж, араасаа дагуулж байна.


-Танай холбоо ахмадууд гэлтгүй нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэхэд тодорхой ажлыг хэрэгжүүлж үр дүнд хүрээд байгаа энэ талаар юу хэлэх вэ?


Хамгийн гол нь ахмад настнуудыг стресс, ганцаардлаас ангижруулж, эрүүл энх урт наслах арга замыг зааж чиглүүлэн манлайлж байгаа нь нийгэмдээ нийтийн биеийн тамир, дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэн сахих сайн үйлсийн гэрэл гэгээг түгээж буй гэдгээрээ чухал ач холбогдолтой юм. Одоо 12 дугаар сарын эхээр ММБТСХ-ны нэрэмжит нийтийн бүжгийн тэмцээнийг зохион байгуулна. Энэ тэмцээний шилдгүүдээс 2021 онд болох Дэлхийн мастеруудын наадам буюу ахмадын олимпын наадамд оролцох тамирчдаа сонгоно. Улмаар 12 дугаар сарын 21-нд Удирдах ажилтны зөвлөгөөнөө хийх бөгөөд 22-нд “Алтан хараацай” сүлд модны наадмаа уламжлал ёсоор хийж оны шилдгүүдээ шагнаж урамшуулна.


-Ирэх онд хэрэгжүүлэх ажил, төлөвлөгөөгөө сонирхуулна уу?


-Бид 2020 оныг 2021 оны Дэлхийн мастеруудын наадам буюу ахмадын олимпын наадмыг угтах жил болгож олон ажлыг зохион байгуулна. Ахмадын олимпын наадам нь Япон улсад 2021 оны тавдугаар сарын 15-30-ны хооронд спортын 32 төрлөөр эрэгтэй эмэгтэй 30 дээш насны тав, таван насны ангиллаар 50 мянга гаруй ахмад тамирчид оролцож авхаал самбаа, ур чадвар, хүч чадлаа сорин өрсөлдөх юм. Энэ наадамд Монгол Улсаас ММБТСХ-ны тамирчид 13-15 спортын төрлөөр оролцоно. Ирж буй 2020 онд тус наадамд оролцох спортын төрлөөр тэмцээн уралдаанаа зохион байгуулж, оны төгсгөлөөр Токиог зорих шилдэг тамирчдаа тодруулж, 2021 оны эхээр Ахмадын олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдынхаа мэдүүлгийг гаргаж илгээнэ. Энэхүү ахмадын олимп дөрвөн жил тутамд болдог.


-Хамгийн ойрын зорилт юу байна?


-Манай холбооны бас нэг ойрын зорилт бол 2020 оны нэгдүгээр сарын 8-21-нд Австрийн Инсбрук хотноо болох Ахмадын өвлийн III наадам /олимп/ болно. Тус наадамд Монгол Улсаас шайбтай хоккейн +40, +50 насны ангилалд манай багууд өрсөлдөх бөгөөд тэшүүрийн 14, цанын спортоор 4 тамирчин нийтдээ 54 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа. Тэшүүрийн тамирчид өмнөд хөршийн Хөлөнбуйрын Хайлаар хотноо өвлийн спортын ордонд бэлтгэл хийлгэхээр болсон. Инсбрук хотноо болох Ахмадын өвлийн III наадамд оролцох баг тамирчдаа БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-аас 2020 оны нэгдүгээр сарын 5, 6-ны үеэр үдэн гаргаж, Монгол Улсын Төрийн далбаагаа гардуулж өгөхөөр төлөвлөөд байна.  






Холбоотой мэдээ