Э.Түдэв: Жинхэнэ эмч байя гэвэл багаас нь эхлүүлье гэсэн дотоод хүнийхээ үгийг сонссон

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-11-25 22:11:49

Завхан /МОНЦАМЭ/. Эмч хүний хүлээсэн тангараг, хийх ажилд хил хязгаар, үндэстэн ястны ялгаа гэж байдаггүй ээ. Тэгвэл Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт Энхтөрийн Түдэв хэмээх залуухан эмч 12 дахь жилдээ амжилттай ажиллаж давхардсан тоогоор 5000 гаруй хүнд эмчлэгч эмчээр ажиллаж 2300 гаруй хагалгааг гардан хийж олон хүнийг аюулт өвчнөөс аварчээ. Тэрээр хөдөө орон нутагт ажиллаж буй эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон, туршлагатай, мэдлэг боловсролтой цөөхөн залуу эмч нарын нэг. Э.Түдэв эмч дурангийн мэс заслаар мэргэшиж, суралцаж төгсөөд хөдөө орон нутагтаа ажиллаж жилд дунджаар 400-500 хүн эмчилж 40-50 хувьд нь хагалгаа хийсэн байдаг. 2019 онд гэхэд л аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засал гэмтлийн тасагт 471 хүн хэвтэж эмчлүүлснээс Э.Түдэв эмч 279 хүнийг нь хэвтүүлэн эмчилж 80,6 хувьд нь мэс засал хийсэн байна.

Дээрх тооны хүний амь нас, эрүүл мэнд, санхүү гээд асар олон зүйл яригдана гэхээр зөвхөн нэг л мэргэшсэн эмч, мэргэжилдээ хайртай дуртай, чадварлаг, залуу боловсон хүчний ажлын үр дүн тодоос тод, томруун харагдана. Хөдөө орон нутгийн олон иргэн цаг хугацаа алдахгүй, мөнгө санхүүгээрээ хохирохгүйгээр орон нутагтаа орчин үеийн техник багажаар мэргэжлийн чадварлаг эмчийн гарт эрүүл мэндээ даатгаж буй нь ч бахархал юм. Түүний мэргэжлээрээ бахархан, мэргэжилдээ эзэн болсон арга туршлагын талаарх сонирхолтой ярилцлагыг танд хүргэж байна.


-Сайн байна уу? Өдрийн мэнд. Завханы Нэгдсэн эмнэлэг аймагтаа дурангийн мэс засал хийдэг боллоо гэж олон хүн ам сайтай байгаа. Дурангийн мэс заслыг хэдийнээс хийж эхлэв?

-Манай эмнэлэгт Францын "Action Mongolia" ТББ-аас хэвлийн хөндийн OLYMPUS дурангийн мэс заслын тоног төхөөрөмж, Германы Carl Zeiss хагалгааны микроскоп, нүдний болрын мэс заслын иж бүрэн багаж, үзлэгийн таван төрлийн багаж, хагалгаанд хэрэглэх нэг удаагийн хэрэгсэл, эм тариа, болор зэргийг 2018 оны зургаадугаар сард бэлэглэсэн. Энэ үеэр эмч нарын баг хамтарч эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг гурван хүнд, цөсний хүүдий авах мэс заслыг гурван хүнд хийсэн. Мөн нүдний болор солих мэс заслыг амжилттай хийсэн байгаа. Миний хувьд Францын "Action Mongolia" ТББ-ын дэмжлэгээр 2017 онд Франц улсад нэг сарын дурангийн мэс заслын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж ирсэн байсан. Ингээд дараа жил нь буюу 2018 онд багш нартайгаа хамтраад өөрийн эмнэлэгтээ дурангийн мэс заслыг хийх боломж ийнхүү бүрдсэн юм. Дээрх тоног төхөөрөмжүүд ирэхээс өмнө аймгийн Нэгдсэн эмнэлэг маань шинэ тоног төхөөрөмж хүлээн авах бэлтгэлийг хангаж  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 140 сая төгрөгийн их засварыг мэс заслын тасагтаа хийж, дурангийн мэс заслын чиглэлээр хоёр сувилагч, нэг ариутгагчийг дотооддоо сургаж хүний нөөцөө бүрдүүлсэн байсан. Мөн нэмж нэг их эмчийг эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслаар бэлтгэсэн.


Ингээд 2018 онд орон нутагтаа дурангийн мэс заслыг хийх бүрэн боломжтой болж хэвлийн хөндийн дурангаар 24 удаагийн мэс засал эмчилгээ, оношилгоог амжилттай хийж нутагшуулан ажиллаж байна. Мөн аймагтаа элэг тайрах, тархины гематома авах, бөөрний хагалгаа, түгжээт хадаас ашиглан яс хадах зэрэг томоохон хагалгааг амжилттай хийж байна. Идээт шарханд вакуум орчин үүсгэснээр шархны эдгэрэлт сайжирч байна. АСД-2ф уусмалын биологийн идэвхт чанарыг түшиглэн идээт шарханд үжилгүйжүүлэх зорилгоор ашиглаж байна. 2018 онд Аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтэл, мэс заслын тасагт 792 хүн хэвтэн эмчлүүлж 608 хүнд мэс заслын эмчилгээ хийснээс 299 буюу 38 хувьд нь эмчлэгч эмчээр ажиллаж, 245 тохиолдол буюу 40 хувьд мэс заслын хагалгаа хийсэн байна. Хагалгааны үр дүнг тооцож үзэхэд хагалгаа хийсэн өвчтөний 99,6 хувь нь эдгэрч сайжирсан ба хагалгааны дараах нас баралт гараагүй байна. 

-Таны хувьд хүний их эмчээр сургууль төгссөн байсан. Харин мэс заслын чиглэлээр хэдийнээс эхэлж мэргэшиж суралцсан бэ?

-Би 1997-2001 онд 10 жилийн Дэвшил сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2001 онд ЭМШУИС-д элсэн суралцаж  2007 онд хүний их эмч мэргэжлээр төгсөөд аймгийнхаа Намчинманба өрхийн эмнэлэгт дадлагажигч их эмчээр томилогдон ажлын гараагаа эхэлсэн. 2007-2008 онд өрхийн эмч хийж байгаад 2008 онд Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн эмч, мэс заслын тасгийн их эмчээр ажиллаж байсан. Ингээд хүсэл, сонирхолдоо хөтлөгдөөд 2009 оны 9 сараас 2011 оны таван сар хүртэл мэс заслын эмчийн мэргэжил олгох дамжаанд суралцаж мэс заслын их эмч мэргэжил, 2013-2014 онд хэвлийн хөндийн дурангийн мэс заслын эмчийн мэргэжил олгох дамжаанд суралцаж хэвлийн хөндийн дурангийн мэс заслын эмч мэргэжлийг тус тус эзэмшсэн.

2016 онд БНХАУ-ын Бээжин хотод бөөр, шээс дамжуулах замын дурангийн мэс заслын мэргэжил дээшлүүлэх нэг сарын сургалт, 2017 онд Франц улсад хэвлийн хөндийн дурангийн мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлэх нэг сарын сургалтад мөн хамрагдсан. Ер нь л жил бүр мэргэжил дээшлүүлэх боломжийг алдаагүй, үргэлж суралцсаар байсан даа. 2016-2018 онд АШУҮИС-ийн  магистрын сургалтад суралцаж “Анагаах ухааны магистр”-ын зэрэг хамгаалсан. Ер нь эмч хүн насан туршдаа л суралцаж байх нь чухал байдаг юм шигээ. Учир нь бидний гарт олон хүний амьдрал, амь нас байдаг болохоор тэр үү. Сонгосон мэргэжлээ мэргэшүүлэх, түүнийгээ байнга сайжруулж суралцах нь залуу хүний хувьд үүрэг шүү дээ.

-Та сургуулиа төгсөөд орон нутагтаа эмчээр 12 жил ажиллажээ. Багагүй хугацаа шүү. Завханыхан таныг “Сайн эмч” гэж хир халдаадаггүй юм билээ? Ер нь яагаад аймагтаа ажиллах болов?

-Манайх 2005 онд Улаанбаатар хот руу бага дүү маань оюутан болоод шилжсэн. Гэвч миний хувьд их сургуульд суралцаж байхдаа л заавал нутагтаа очиж эмчээр ажиллах юм шүү гэсэн тэмүүлэл байсан. Анх 2001 онд анагаахын сургууль авахад ЭМГ-ын даргаар М.Дуламжав дарга маань ажиллаж байсан. Тэр үед анагаахын сургууль авсан төгсөгчидтэй уулзаж сайн эмч болоод эргээд орон нутагтаа ирж ажиллаж ихийг бүтээгээрэй гэж захиж байсан нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн.Тэр нөлөөлсөн ч юм уу манай төгсөлтөөс Отгонням, Мөнхцэцэг, Отгонжаргал, Энхсайхан, Өлзийжаргал, Туяажаргал гээд хамгийн олон эмч ирж орон нутагтаа ажилласан. Надад ангийнхныгаа дуурайж нийслэл хотод томоохон эмнэлэгт ажиллах боломж олон гарч байсан хэдий ч эмч болох хүн энэ салбарынхаа хамгийн жижиг нэгжээс ажлын гараагаа эхлэх л ёстой гэсэн дотоод хүнээ сонссон шүү. Тэгээд л өрхийн эмнэлгээс ажлын гараагаа эхэлсэн.

Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж эхлэхдээ мөн л яаралтай тусламжийн эмч хэмээх их хариуцлагатай ажлыг хийж эхэлсэн дээ үнэхээр их баярладаг. Ажиллаж байх хугацаандаа ахмадуудаасаа, үе тэнгийнхээ чадварлаг боловсон хүчнүүдээс суралцах гээд өдөр бүрийн ажил минь суралцах, шамдах, шинийг өгсөн хичээл болж байсан. Одоо ч би суралцсаар л байгаа. 2009-2018 онд Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж энэ хугацаанд хөдөөгийн алсын дуудлагад нарийн мэргэжлийн тусламжийг малчид иргэдэд газар дээр нь үзүүлж олон хүний амь насыг аварсан. Ер нь хөдөөгийн хүнд нөхцөлд иргэдийг үхэл амьдралын хүнд байдлаас гаргах нь үүрэг хэдий ч нөгөө талаар маш их хариуцлагыг бидэнд үүрүүлж байдаг шүү дээ.


Орон нутагтаа гурав дахь шатлалын эмнэлэгт хийдэг мэс заслуудыг хийж байгаа

-Залуу мэргэжилтнүүд цаанаа нэг шижигнэсэн байдаг гэж манай ахмадууд урам өгдөг шүү дээ. Тэгвэл шинийг санаачилж ажилласан бишгүй олон зүйл бий байх даа?

-Хөдөө орон нутагтаа шинээр санаачлан хийсэн ажлууд бий. Завхан аймгийн засаг даргын санаачилга, Франц улсын “Actions Mongolie” төрийн бус байгууллагын санхүүжилтээр Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг хэвлийн хөндийн дурангийн мэс заслын тоног төхөөрөмжтэй болсон ба Завхан аймагт анх удаа цээж, хэвлийн хөндийн дурангийн мэс заслын оношилгоо, эмчилгээг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.

Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн санаачилга дэмжлэгээр Нэгдсэн эмнэлэгт Солонгос улсын мэс заслын багтай хамтран хэвлийн хөндийн дурангийн мэс заслын хагалгааг дөрвөн хүнд, судасны хагалгааг долоон хүнд хийсэн. 2018 онд баг хамт олноороо алслагдсан сумдад гэдэсний түгжрэлийн улмаас гэдэс тайрч залгах мэс засал, нойр булчирхайн үхжилийг дарах мэс засал, цусны өвчтэй, хэвлийн хөндийн дотуур цус алдсан хүнд өвчтөнд мэс засал эмчилгээнүүдийг хийсэн байна. Мөн  орон нутагт эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг ойртуулах зорилгоор хамтран ажилладаг эмч нарынхаа хамт элэгний хавдар задарч цус алдаж хүндэрсэн өвчтөнд элэг тайрах хагалгаа, гэмтлийн болон өвчний улмаас уушги тайрах мэс засал, тархины гэмтэл, цус харвалтын улмаас гавал тархины цусан хурааг авах хагалгаа, ходоодны хорт хавдар, ходоодны шархны хүндрэл, цоорлын үеийн ходоод тайрах хагалгаа, нойр булчирхайн хурц идээт өвчний үеийн мэс заслын эмчилгээ, цоорсон уушгийг мэс заслын бус аргаар эмчлэх эмчилгээнүүдийг амжилттай хийж амь насыг нь аварснаар өвчтөнд үүсэх эдийн засаг, санхүүгийн эрсдэлийг нь бууруулсан. Мөн гурав дахь шатлалд хийдэг хэвлийн хөндийн дурангийн хагалгаа, ходоод тайрах, бөөрний, тархины хагалгаа, хавдар авах, хугарал хадах, цөсний ерөнхий сувгийн хагалгаа, гэдэс тайрах, судасны хагалгаануудыг орон нутагтаа хийж, орчин үеийн шилдэг технологи болох ясны хугарлыг хадах болсноор хугарлын дараах хөдөлмөрийн чадвар алдалтыг 80-90 хувиар бууруулж чадсан.

2018, 2019 онд алсын дуудлагад Дөрвөлжин, Идэр, Их-Уул,  Нөмрөг, Сантмаргаз, Түдэвтэй, Тэс, Тосонцэнгэл, Цагаанчулуут, Цэцэн-Уул, зэрэг суманд 18 удаа явж газар дээр нь яаралтай болон мэс заслын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэн утсаар тухай бүр тогтмол зөвлөгөө өгчээ. Ер нь л илүү ихийг хийх юм сан гэсэн хүсэл тэмүүлэл бол бий шүү.

-2017-2018 онд тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан юм байна. Мэс заслын тасгийн эрхлэгч байна гэдэг эмч байхаас илүүтэй үүрэг хариуцлага байх?

-Тэгэлгүй яах вэ. Мэс заслын эмч мэс заслаа хийлээ, өвчтөнийхөө биеийн байдлыг л хянах, эмчлэхээс биш өөр юманд анхаарах зав бага шүү дээ. Гэтэл тасгийн эрхлэгч байна гэдэг хамт олноо удирдах, мэргэжил арга зүйгээр ханган чиглүүлэх, тэднийхээ ажиллах нөхцөлийг бүрдүүлэх гээд олон үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл бас нэг өрхийн тэргүүн болно л гэсэн үг шүү дээ. Миний хувьд тасгийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа хандив, тусламж нөөц бололцоогоо ашиглан найман сая төгрөгийн төсөв бүрдүүлэн тасгаа бүрэн тохижуулсан. Ажилчдынхаа амрах өрөө, өвчтөнүүдийн тасаг, сувилагчийн постыг тохижуулсан. Бас хамт олондоо үлгэрлэх, зааж зааварлах, тэднийгээ ажиллах нөхцөлөөр хангах гээд багагүй ажлыг амжуулж байсан шүү. Мөн эмч, оюутнуудыг дадлагажуулах ажлыг хийсэн. Өнөөдөр ч дадлагажуулж байна. Тухайлбал гэмтэл, хавдар, мэс заслын резидент эмч нар, АШУҮИС-ийн, Говь-Алтай аймгийн АШУИС-ийн төгсөх курсийн дадлагын оюутнуудад хагалгаанд бэлтгэх үйл ажиллагаа, шархны цэгцлэлт хийх, мэс засал тусламж үзүүлэх арга зүй чиглэлүүдээр дадлагажуулан сургасан байна.

Эмч хүн хүнлэг, туршлагатай, мэдлэгтэй байх ёстой

-Ингэхэд эмч хүнд авьяас чухал уу? Эсвэл мэдлэг, туршлага чухал байдаг юм болов уу?

-Эмч хүнд авьяас, мэдлэг, туршлага гурав цогцоороо байх ёстой санагддаг. Мөн ноён нуруу, хувийн зан чанар, туршлага гэдэг үнэхээр чухал. Хамгийн чухал нь хүнлэг чанар, мэдрэмж илүү хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч, ажиллагсдаас нойр, хоолгүй явахаас авахуулаад олон хэцүү зүйлийг бидний мэргэжил шаардаж байдаг. Бид хүнд, хортой нөхцөлд ажилладаг. Тиймээс л мэргэжилдээ хэчнээн дур сонирхолтой байлаа ч эрүүл мэнд нь муу бол мянга хичээгээд дийлэхгүй. Эмч болох гэж зорьж буй хүмүүс өөрийгөө илүү мэдрэх нь зөв юм. Ядаж өвчтөнөөс гарах араншинг дааж чадах, ар гэрээ хүртэл сайтар тооцоолох хэрэгтэй санагддаг. Эмчийн ажил маш сайхан ч, бас хариуцлагатай, хүнд мэргэжил шүү дээ. Гэхдээ л би мэргэжилдээ хайртай. Бас дуртай хичээж л яваа залуу эмч.

-Танай эмнэлэг “Завхан хийморь” эрчүүдийн холбоог аймагтаа анх удаа байгуулж маш амжилттай ажиллаж байгаа. Энэ холбоо ер нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Тиймээ. “Завхан хийморь” эрчүүдийн холбоо байгуулаад хоёр жил болж байна. Тэргүүнээр нь Нямдорж эмч маань ажилладаг. Аймгийн нэгдсэн эмнэлгийн эрчүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн сайхан ажил болсон. Караоке, бильярд, теннис, шатар, гар бөмбөг тоглох техник хэрэгслээр бүрэн ханган тохижуулсан. Мөн эрчүүдийн холбоо маань байгууллагатайгаа хамтран эмнэлгийн ар талын талбайд өөрсдийн хүчээр гадна спортын талбайг барьж байгуулсан байгаа. Холбооныхоо дэмжигч идэвхтэй гишүүнээр ажилладаг.

-Хоёулаа таны ажлын амжилт, арга туршлагаас хуваалцаж их ярилаа. Завгүй эмчийн арыг дааж яваа гэр бүлийн хүнээ танилцуулахгүй юу?

-Манайх ам бүл тавуулаа өнөр өтгөн. Эхнэр, хоёр охин, хүүгийн хамт амьдардаг. Эхнэр маань Эрүүл мэндийн газрын статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Эхнэртэйгээ 8 жилийн 2-р сургууль, Дэвшил бүрэн дунд сургууль, АШУҮИС-д хамт сурч байсан. Одоо эрүүл мэндийн салбар гэх энэ их айлд гэр бүлээрээ ажиллаж, хүн ардынхаа эрүүл энхийн үйлст хүчин зүтгэж явна. Ер нь бол насаараа л бид хамтдаа суралцаж, хөгжиж, амьдрах их хувьтай юм. Тооцоод үзэхээр жилийн дөрвөн сард нь байнгын алсын дуудлагад явж, жижүүр хийж, дуудагдан ажилласан байдаг даа. Эмч дутагдалтай болохоор яг өнөөдөр мэс заслын амбулаторийн эмчийн ажлыг хавсран ажиллаж байна. Манай эмнэлгээс 2019 онд талархлын өдрийг зохион байгуулж эмчийн гэр бүлийн ар талд баттай зогсож байдаг гэр бүлүүдэд баярлаж байгаагаа илэрхийлсэн сайхан үйл ажиллагаа зохион байгуулсан юм. Энэ үеэр ханьдаа баярлаж явдгаа илэрхийлсэн ч гэсэн энэ боломжийг ашиглан бас дахин баярлаж талархаж явдгаа хэлмээр байна. Миний хань миний том зөвлөгч, туслагч, халамжлагч байдаг. Хамгийн том түшиг тулгуур, үр хүүхдүүдийн минь ачлалт ээж болсон чамаараа үргэлж гоёж, бахархаж явдаг шүү гэж хэлмээр байна.

Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ