“Бор ааруул” гэх Ховд нутгийн шинэ брэнд бүтээгдэхүүн бий болгоно

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-15 14:42:10

Ховд /МОНЦАМЭ/ Орон нутгийн бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид тулгамдаж буй асуудлыг хамтын оролцоотойгоор шийдвэрлэх зорилго бүхий "Эрсдэлгүй бизнесийн төлөө" сэдэвт уулзалт болов.

Энэхүү уулзалтыг Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Жаргалант сумын ЗДТГ, Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулснаараа онцлогтой.

Уулзалтад Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгч 120 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, санал уламжиллаа.  

Тодруулбал, сүү, цагаан идээний бизнес эрхлэгч, малчид хамтран “бор ааруул” гэх Ховд нутгийн шинэ брэнд бүтээгдэхүүн бий болгоход дэмжих, хайрцаг, сав баглаа боодлын үйлдвэрлэл хөгжүүлэх, үзэсгэлэн худалдааг өргөжүүлэх замаар бизнес эрхлэгч иргэн, малчдын оролцоог нэмэгдүүлэх, орон сууцны айл өрхийн ундны усанд лабораторийн шинжилгээ хийх, улирлын чанартай бизнес, тэр дундаа хоол үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүнд хяналтыг сайжруулах, төв захын нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг эрчимжүүлэх, шинэчлэх зэрэг нэлээд санал хэллээ.

Уулзалтын үр дүнд бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллөөс гаргасан санал хүсэлтийг МХГ-ын үйл ажиллагаанд тусган ажиллана. Мөн зарим саналыг холбогдох байгууллага, орон нутгийн удирдлагад танилцуулж шийдвэрлэнэ гэж албаныхан хэллээ.

Энэ үеэр Мэргэжлийн хяналтын газар, Жаргалант сумын ЗДТГ, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлагууд энэ онд хэрэгжүүлж буй ажил, бизнес эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдийн дэвшилттэй тал, зарим зөрчил дутагдлын талаар мэдээлэл хийлээ. Мөн МХГ-аас “Хуванцар савны хэрэглээнээс татгалзъя уриалга гаргасан бөгөөд хугацаа дууссан, хаяг шошгийн зөрчилтэй бүтээгдэхүүнийг танилцуулав.

Холбоотой мэдээ