Иргэний нийгмийн байгууллагууд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-11-14 16:19:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт иргэний нийгмийн залуучуудын байгууллагын төлөөллийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.


Иргэний нийгмийн залуучуудын 50 гаруй  байгууллага Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүхэлд нь батлахыг дэмжиж, энэ оны наймдугаар сарын 1-нээс “Үндсэн хуульд Иргэдийн оролцоо” цахим аяныг өрнүүлсэн байна. Уг аяны хүрээнд шүүхийн хараат бус, бие даасан байдлыг дээшлүүлэхэд иргэдээс ирүүлсэн санал, цахим гарын үсэг бүхий нэрсийн жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтод гардуулсан юм.  


Уг аяны хүрээнд олон нийтэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх мэдээллийг хүргэж, залуучуудын дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэх, анхаарлыг нь хандуулах чиглэлд түлхүү ажилласан байна. Тухайлбал, УИХ-ын гишүүдэд хандан өөрсдийн байр суурийг илэрхийлсэн албан бичгүүдийг хүргүүлэх, олон талт цуврал хэлэлцүүлэг зохион байгуулах, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, бусад саналуудын талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг тандах цахим асуулгыг явуулах, залуу хуульч, улс төр судлаачид нэгдэн хараат бус шүүхийн тогтолцоог бэхжүүлэх зохицуулалтыг дэмжиж жагсаал зохион байгуулж, УИХ-ын гишүүдэд шаардлага өгч байжээ.


Цахим мэдээллийн орчныг эерэг хандлагаар “Нэр, нүүртэй цахим нийгэм”-ийг бий болгохыг зорьж, иргэдийн саналыг авахдаа технологийн шинэлэг шийдлийг ашиглаж, регистрийн дугаар, овог, нэртэй нь бүртгэж авчээ. Энэ цахим аяны санал асуулгад 293 хүн оролцож, саналаа илэрхийлсэн байна. Иргэдийн дийлэнх нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах зохицуулалтыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.  


Улс орны хөгжлийн төлөө төрийн бодлого шийдвэрт байгаа алдаа дутагдлыг залруулах үүднээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгааг С.Бямбацогт гишүүн уулзалтын үеэр хэллээ. Хуулийн төсөлд иргэд, улс төрийн намуудын саналыг тусгасан УИХ-аар хэлэлцэж байгаг мөн онцлоод, цаашид иргэний нийгмийн байгуллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ