Японы эрх баригчид хар салхинд өртсөн бүс нутгуудад 1.2 тэрбум ам.доллар гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-11-08 10:47:52

ТОКИО. /TASS/. Ес, аравдугаар сард дэгдсэн хүчтэй хар салхинуудад нэрвэгдсэн Японы бүс нутгуудад 130 тэрбум иенийн /1.2 тэрбум ам.доллар/ санхүүгийн багц тусламжийг яаралтай үзүүлэх шийдвэрийг тус улсын Засгийн газар баасан гарагт баталсан байна.


Японы олон нийтийн телевизээр мэдээлснээр, дээрх мөнгөн дүнгийн гуравны нэг гаруйг нь эвдэрч сүйдсэн орон сууцны барилгууд, дэд бүтцийг сэргээхэд зарцуулна. Санхүүгийн багц тусламжийн тодорхой хэсгийг мөн аялал жуулчлалын салбарын алдагдлыг нөхөхөд зориулах бөгөөд байгалийн гамшигт өртсөн газар нутгаар аялахаар шийдсэн гадаадын жуулчдын зочид буудлын төлбөрийг өдөрт 5000 иенээр /45 ам.доллар/ хөнгөлнө. Хөнгөлөлт 2019 оны 12 дугаар сараас 2020 оны гуравдугаар сар хүртэл хүчинтэй байх ажээ.


"Факсай" болон "Хагибис" хар салхи үер, хөрсний нуралт дагуулж, улмаар 90 гаруй хүн амиа алдсан байна.


Японы Байгаль орчныг хамгаалах яамнаас мэдээлснээр, ес, аравдугаар сард дэгдсэн хар салхины улмаас тус улсын газар тариалан, загас агнуурын аж ахуйд учирсан хохирлын хэмжээ 218 тэрбум иен /1.9 тэрбум ам.доллар/ давжээ.


Холбоотой мэдээ