Зэвсгийн хяналтын тухай ОХУ-ын санал болгосон тогтоолын төслийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-07 10:32:29

НҮБ. /ТАСС/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Нэгдүгээр хороо баасан гарагт хийсэн хуралдаанаараа зэвсэгт хяналт тавих, зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх тухай ОХУ-ын санаачилж, 10 улсын хамт боловсруулсан тогтоолын төслийг санал нэгтэй баталсан байна.


АНУ-ыг оруулаад 174 улс уг тогтоолын төслийг дэмжсэн бөгөөд нэг ч улс эсэргүүцсэн санал өгөөгүй байна. Харин таван улс түдгэлзсэн нь Украин, Гүрж, Судан, Палау болон Колумб аж.


Дунд болон ойрын зайн тусгалтай пуужин устгах тухай гэрээ цуцлагдсаны дараа боловсруулсан энэхүү баримт бичгийг батлуулах нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дугаар чуулганы үеэр ОХУ-ын хийх гол ажлуудын нэг юм. Нэгдүгээр хорооны баталсан тогтоолын төслийг 12 дугаар сард Ерөнхий Ассамблейн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.


Энэхүү тогтоолын төсөл нь "бодит асуудлуудыг шийдвэрлэхэд туслах маш чухал хэрэгсэл" болох ёстой гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэглэлд хяналт тавих асуудал хариуцсан газрын дарга  Владимир Ермаков ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Ийм тогтоолууд нь "улс төрийн шинж чанартай, зэвсгийн хяналтын салбарт таатай уур амьсгалыг бий болгодог" бөгөөд бид чухам ийм уур амьсгалыг бий болгохыг зорьж байгаа юм" гэж В.Ермаков хэлсэн байна.


Холбоотой мэдээ