Хуулийн байгууллагын алба хаагчдын үйлдсэн 1391 хэргийг шүүхэд шилжүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хуулийн байгууллагын алба хаагчидтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах хараат бус байгууллага байгуулах тухай хэлэлцүүлэг энэ сарын 4-нд Төрийн ордонд боллоо.
Хууль хяналтын байгууллагуудад хууль тогтоомжоор олгосон эрхээ хэтрүүлсэн, иргэдтэй зүй бусаар харилцаж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөөг нь зөрчсөн алба хаагчтай холбоотой, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах хараат бус, бие даасан байгууллага байгуулах эсэх асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Ажлын багаас хууль, хүчний байгууллагын алба хаагчдын хууль бус үйл ажиллагаанаас үүдэн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн иргэдтэй уулзсан байна. Хүний эрхийн үндэсний комиссоос жил бүр гаргадаг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-д тусгай субьектын хэрэг мөрддөг бие даасан байгууллага байгуулах шаардлагатай талаарх зөвлөмж туссаар ирсэн. Өмнө нь энэ төрлийн байгууллага байгуулсан хэдий ч бусдын эрх, эрх чөлөөг зөрчсөн тохиолдлууд гарч байсныг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, ажлын багийн ахлагч Х.Нямбаатар онцлов.
Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат “Хуулийн байгууллагын алба хаагчдын гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах хараат бус байгууллага байгуулах шаардлагатай эсэх талаарх” Улсын Ерөнхий прокурорын саналыг танилцуулсан. УИХ-аас 2002 онд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах албыг байгуулжээ. Уг алба Цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурор, тагнуулын ажилтны үйлдсэн гэмт хэргийг мөрдөх үүрэгтэй байжээ. Харин 2014 оны нэгдүгээр сард Прокурорын байгууллагын тухай хуулийг өөрчлөн, Мөрдөн байцаах албыг татан буулгажээ. Тус албаны харьяалан шалгах хэргийг цагдаагийн байгууллага болон АТГ-т шилжүүлсэн байна. Мөрдөн байцаах алба нь 2002-2014 онд гэмт хэргийн талаарх 7000 гомдол мэдээлэл хүлээн авч, 3212-т хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт явуулжээ. Үүнээс 1391 хэргийг шүүхэд шилжүүлж, 961 хэргийг хуульд заасан үндэслэл, журмаар хэрэгсэхгүй болгосноос гадна гэмт хэргийн улмаас учирсан 3.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 10 тэрбум төгрөгийн хохирол төлүүлэхээр эд хөрөнгө битүүмжилсэн байдаг. 2014 оны хоёрдугаар сард Мөрдөн байцаах алба татан буугдсаны дараа ЦЕГ-ын Мөрдөн байцаах газарт Тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэлтсийг 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Энэ хэлтэс 2014-2018 онд 193 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 94 хэргийг шүүхэд шилжүүлэх, 88 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Түүнчлэн иргэдээс цагдаагийн байгууллагын албан хаагчид эрхээ хэтрүүлэн, хууль тогтоомж зөрчиж хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдлыг олонтаа гаргадаг бөгөөд эдгээр нь зохих журмаар шийдвэрлэгдэхгүй байгаа талаар гомдол ирүүлдгийг Улсын Ерөнхий прокурорын саналд дурдсан.
Харин Тагнуулын ерөнхий газрын саналд, "Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Б.Энхсүх танилцууллаа. Эх орноосоо урвах, гадаадын тусгай алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтрах, төрийн нууцыг хууль бусаар олж авах, задруулах, үрэгдүүлэх, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах, хорлон сүйтгэх зэрэг үндэсний аюулгүй байдалд халдсан гэмт хэргүүд нь ихэвчлэн төрийн нууцад хамаардаг байна. Энэ төрлийн гэмт хэргийг шалгахдаа эсрэг талд нэвтрэх, тагнуулын үйл ажиллагааны шугамаар мэдээ, мэдээлэл цуглуулдаг тул ТЕГ-ын Мөрдөн шалгах газар харъяалан шалгах нь зүйтэй" гэжээ.
АТГ-аас, "Хуулийн байгууллагын алба хаагчдын эрүү шүүлт тулгах гэмт хэргийг АТГ-аар шалгахаар харъяалуулах, ЦЕГ-ын Мөрдөн байцаах газарт Тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийг Мөрдөн байцаах албаны харъяаллаас гаргаж, цагдаагийн төв байгууллагын харъяалалд шилжүүлэх байдлаар асуудлыг шийдвэрлэх боломжтой" хэмээжээ.
Хэлэлцүүлгийг хааж УИХ-ын гишүүн, ажлын багийн гишүүн Л.Болд хэлсэн үгэндээ, өнгөрсөн жилүүдэд хүний эрх, эрх чөлөөг зөрчиж иргэдийг хэлмэгдүүлсэн байдлыг хэлэлцэн, засаж залруулах ажлыг УИХ-ын түвшинд Түр хороо байгуулан шийдвэлэх нь зүйтэй хэмээсэн юм.