Орост ам.долларын тэрбумтнуудын тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-10-22 14:23:05

МОСКВА. /RT/. ОХУ-д ам.долларын тэрбумтнуудын тоо нэмэгдсэн тухай “Credit Suisse Research Institute” судалгааны байгууллага мэдээлжээ.


2019 оны эхний хагаст ам.долларын тэрбумтнуудын тоо 74-өөс 110 болж, 36-гаар нэмэгджээ. “Насанд хүрсэн хүн амын нэг хүнд ногдох баялгийн түвшин харьцангуй бага байгаа хэдий ч шинжээчдийн тооцоолсноор, тус улс ам.долларын 110 тэрбумтантай” гэж “Credit Suisse Research Institute”-ийн тойм мэдээнд дурдсан байна.


Үүний зэрэгцээ ам.долларын саятнуудын тоо 172 мянгаас 246 мянга болж нэмэгджээ.


Шинжээчдийн тооцоолсноор, Оросын хамгийн баян хүмүүсийн 10 хувь нь тус улсын хувийн бүх баялгийн 83 хувийг хянадаг аж. Энэ үзүүлэлтээр Орос улс АНУ /76 хувь/ болон БНХАУ-ыг /60 хувь/ гүйцэж түрүүлсэн байна.  


“Forbes” сэтгүүл өмнө нь Оросын хамгийн баян 100 төрийн алба хаагч болон депутатуудын жагсаалтыг гаргасан билээ. Тэдний 2018 оны орлогын нийт хэмжээ 1.1 тэрбум ам.доллар давжээ.


Өнгөрөгч гуравдугаар сард Оросын “Новатэк” компанийн хамтран эзэмшигч Леонид Михельсон “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад Оросын хамгийн баян эрхмээр тодорсон билээ.


Холбоотой мэдээ