Сүүний зарим үйлдвэр алдагдалтай ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-10-18 17:24:24

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн 4 суманд сүүний үйлдвэр байгуулсан ч малчид сүү нийлүүлээгүйн улмаас зарим үйлдвэр алдагдалд оржээ.

Уянга суманд “Өв-Сүү” хоршоо нь хувийн 60 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоногт 500-1000 литр сүү боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулан ажиллаж байгаа юм. Тус үйлдвэрт цэвэршүүлсэн сүү, тараг, ааруул, бяслаг, зөөхий, цөцгийн тос үйлдвэрлэж, өөрийн аймагтаа төдийгүй зэргэлдээх аймгууд, Улаанбаатар хотын зах зээлд нийлүүлжээ.

2012 онд ашиглалтад орсон боловч үйл ажиллагаа нь зогсонги байсан Хужирт, Зүүнбаян-Улаан сумын сүүний үйлдвэрийн менежмент, өмчийн хэлбэрийг өөрчлөн “Силкроуд межик” ХХК гэрээгээр ажиллуулж байна. 2018 онд 4 төрлийн бяслагийг үйлдвэрийн аргаар  боловсруулан борлуулж байсан бол 2019 онд түүхий эдийн нөөцгүйгээс алдагдалтай ажилласан байна.

Мөн Бат-Өлзий, Хархорин суманд сүүний үйлдвэр байгаа ч малчид сүү нийлүүлээгүйн улмаас тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй юм. Аялал жуулчлалын бүс нутагт сүү, сүүн бүтээгдэхүүний борлуулалт сайн байдгийн улмаас малчид сүүгээ сүүний үйлдвэрт нийлүүлэх нь ховор байдаг аж.

Холбоотой мэдээ