Отор нүүдэл хийх зайлшгүй шаардлага байгааг малчид хэлэв

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-10-17 20:19:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн сумдууд “Малчны зөвлөгөөн”-өө зохион байгуулж, мал аж ахуйн салбарын алдаа, оноог хэлэлцэж байна.

Өвөлжилтийн бэлтгэл, өвс тэжээл, бэлчээр, худаг ус гээд олон асуудал малчдын өмнө тулгамдаж байгаа ба өнгөрөгч зун газрын гарц тааруу байсны улмаас отор нүүдэл хийх зайлшгүй шаардлага байгааг олон малчин хэлж байв.

Хадлан авах боломж хомс байгаа ч мал сүргээ онд мэнд оруулахын тулд өвс тэжээлээ хангалттай бэлтгэх, бэлчээрийн даац, ургамлын гарцад тулгуурлан малын тоо толгойг хязгаарлаж, эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл малчдын өмнө үүсч байна. Аймгийн хэмжээнд малчид 58800 тн өвс, 28300 тн гар тэжээл, 9190 тн хужир шүү бэлтгэхээс тал хувьдаа ч хүрээгүй байгаа юм.

Түүний зэрэгцээ үлийн цагаан оготно гэх бэлчээрийн “дайсан” газар авч байгаа нь малчдын санааг зовоож байгаа аж. ХХААХҮЯ-наас тус аймгийн 40 мянган га талбайд оготно утсгал хийх зардлыг шийдвэрлэж өгсөн бөгөөд энэ ажлыг удахгүй хийх ажэ.

Аймаг, сумын эдийн засгийн гол хүчин зүйл болсон мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхийн тулд мал маллах арга ухаан, уламжлалыг шинэ цагийн ололттой хослуулан хэрэгжүүлэх нь зөв гэдэгт зөвлөгөөний үеэр малчид санал нэгдэж байлаа.

 

Холбоотой мэдээ