Гадаадад эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг дархлааны эмээр хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-10-09 16:44:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагууд Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч мэргэжилтнүүд, Эмзүйн албаныхан, эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн холбооныхныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хүлээгдэж буй нийт 46 иргэний хүсэлтийг урьдчилан шийдвэрлэж 50 гаруй сая төгрөгийн эмийг өнөөдрөөс олгохоор болсон талаар болон гадаадад эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хяналтад эмээ ууж эхлэх боломжтой болсныг мэдээлэв.

Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд насан туршдаа дархлаа дарангуйлах эмийг хэрэглэх шаардлагатай болдог. Програф /Такролимус/ эмийг иргэдэд 2004 оноос Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар эмчлэгч эмчийн жорын дагуу олгож, улирал бүр эмийн тайлан тооцоог ЭМЯ-нд хүргүүлж байгаа аж.

2019 оны эхний 3 улирлын байдлаар, дархлаа дарангуйлах эмийг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хяналтад нийт 500 гаруй хүн ууж байна.
Өнөөгийн байдлаар, 2018-2019 онд эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдээс тус эмнэлэгт эмийн хангалтад орох хүсэлтээ өгсөн элэг шилжүүлэн суулгасан 33, бөөр шилжүүлэн суулгасан 8, ХСҮТ-өөс 5 хүн хүлээгдэж байна. Эдгээр иргэний хувьд өмнө жил нь хэдэн сард хагалгаанд орсноос үл шалтгаалж, дараа оны улсын төсөвт тусгаж 1-р улирлаас нь эмийн хангалтдаа орох ёстой байдаг. Тэгвэл Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн захиргаа, Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Эмзүйн албанаас 2019 оны 3 дугаар улирлын эмийн гүйцэтгэлийн тайланг үндэслэн эмийн тунгийн хэлбэлзэл, нас баралт, гемодиализ эмчилгээнд орсон болон өөр эмд шилжсэн шалтгаанаас эм хэмнэгдэж, тэрхүү хэмнэсэн зардлаар хүлээгдэж буй иргэдийг програф /такролимус/ эмд хамруулах боломж үүссэн байна.

Холбоотой мэдээ