Нобелийн долоо хоног эхэлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-10-07 12:47:29

СТОКХОЛМ. /TASS/. Шведийн нийслэл Стокхолм хотноо өнөөдөр физиологи-анагаах ухааны салбарын шагналын эзнийг зарласнаар Нобелийн ээлжит долоо хоног эхэлнэ.


Бусад салбарт уг нэр хүндтэй шагналыг хүртэх хүмүүсийн нэр ирэх өдрүүдэд тодорно. Тухайлбал, 10 дугаар сарын 8-нд физик, 9-нд хими, 10-нд утга зохиолын салбарын шагналын эздийг Шведийн нийслэл хотноо зарлах бол Нобелийн Энх тайвны шагналын эзэн 10 дугаар сарын 11-нд Осло хотноо тодорно. Эдийн засгийн салбар дахь Альфред Нобелийн нэрэмжит шагналын эзнийг 10 дугаар сарын 14-нд зарлана. Уг шагналыг Шведийн Төрийн банк 1968 оноос хойш олгож байгаа юм.


Нобелийн хороо шагналд нэр дэвшиж буй хүмүүсийн тухай, мөн хэн тэднийг нэр дэвшүүлсэн талаарх мэдээллийг эцсийн мөч хүртэл нууцалж байна.


Шведийн зохион бүтээгч Альфред Нобелийн гэрээслэлээр фикик, хими, физиологи-анагаах ухаан, утга зохиол, Энх тайван ба эдийн засаг гэсэн зургаан салбарт ололт амжилт гаргасан хүмүүст Нобелийн шагналыг 1901 оноос буюу одоогоос 118 жилийн өмнөөс эхлэн жил тутам олгодог болсон түүхтэй. 


Шагнал гардуудах ёслол 12 дугаар сарын 10-нд буюу Нобелийн нас барсан өдөр Стокхолм хотод болно. Энэ жил Нобелийн шагналыг 9 сая швед крон буюу 914.5 мянган ам.доллар дагалдана.

Холбоотой мэдээ