Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-10-04 12:25:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Томуугаас сэргийлье” уриан дор өнөөдрөөс улс орон даяар эхлүүллээ.

Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, зорилтот бүлгийн хүн ам /жирэмсэн эмэгтэйчүүд болон 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй иргэд/, нийслэл болон сонгогдсон аймгийн цэцэрлэгийн хүүхдийг тархвар судлалын заалтын дагуу улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулна.

БНСУ-ын “Green Cross” үйлдвэрийн томуугийн эсрэг (GC FLU) вакцин нь томуугийн вирусийн эсрэг биеийг идэвхгүйжүүлэн гаргаж авсан ДЭМБ-ын гэрчилгээтэй вакцин юм.

Улирлын томуугийн дархлаажуулалтыг дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд хийнэ. Мөн сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын  кабинетад хийж байна.

Вакцин хийлгэхээс өмнө эмчийн үзлэгт заавал хамрагдах бөгөөд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд томуугийн эсрэг вакцинд хамрагдах боломжтой юм.

Вакцин хийлгэсний дараа хэсэг газар улайх, хавдах, өвдөх болон халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядарч сульдах, бөөлжих зэрэг хариу урвал илэрч болно. Харин маш ховор тохиолдох урвал, хүндрэл илэрвэл эмчид хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар зөвлөж байна.

“Дархлаажуулалтын 10 хоног” энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ