С.Амарсайхан: Хүүхэд багачуудын ирээдүйд зориулах хөрөнгө оруулалтаас гар татах учиргүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-09-01 14:31:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцов.

Тэрбээр Хайлаастын эцсээс нийслэлийн ЗДТГ-ын явуулын ажлын байрны автобусаар тус сургуулийн сурагч хүүхдүүдийн хамт шинэ хичээлийн жилийн нээлтэд  оролцохоор сургууль дээр нь хүрэлцэн ирсэн. Энэ үеэр сурагч хүүхдүүдтэй нээлттэй ярилцан, санал сэтгэгдлийг сонслоо. Сурагч хүүхдүүд хотын захын хорооны гудамж талбайд гэрэлтүүлэг тавих, сургуулийн автобустай болох зэрэг санал хэлснийг хотын захирагч судалж үзэн боломжтой хэлбэрээр шийднэ гэдгээ илэрхийлэв.

Тэрбээр шинэ хичээлийн жилийг нээж хэлсэн үгэндээ, “Айл гэрийн аз жаргал, улс орны  ирээдүйн эзэд болсон эрхэм хүндтэй дүү нартаа, хүүхэд багачууддаа шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэе. Мөн хүүхэд багачуудын сургаж хүмүүжүүлэх гэгээн үйлсэд хөдөлмөр зүтгэлээ зориулж байгаа нийт багш, сурган хүмүүжүүлэгч болон боловсролын салбарын ажилтан, албан хаагчдад ажлын их амжилт хүсье.

Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 695 цэцэрлэгт нийт 124.300 гаруй хүүхэд хүмүүжиж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан үзүүлэлт 84 хувьд хүрлээ. Мөн нийслэлийн ерөнхий боловсролын төрийн болон төрийн бус өмчийн 253 сургуульд нийт 294 мянган хүүхэд суралцахаас нэгдүгээр ангид 38.200 гаруй хүүхэд шинээр элсэн ороод байна. Цаашдаа боловсролын системийг улам боловсронгуй болгох, багш, сурган хүмүүлэгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана. Хүүхэд багачууддаа эрүүл, аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох орчныг бүрдүүлэхийн төлөө сургуулийн автобустай болгох  ажлыг судалж байна. Бид ямар ч үед хүүхэд багачуудынхаа ирээдүйд зориулах хөрөнгө оруулалтаас гар татах учиргүй. Мөн сурагчдын эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, тэднийг хичээлдээ ирэх, харих үеийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудалд анхаарч ажиллана” хэмээв.

Хотын захирагч С.Амарсайхан эрдмийн  алтан босгыг алхан орж буй Д.Хишигдалай багштай 1ё ангийн зургаан настай бяцхан сурагчидтай уулзан, баярын сэтгэгдлийг нь хуваалцан, гарын бэлэг гардуулж, эрдэм номтой улс эх орондоо ихийг хийж бүтээх зөв иргэн болж төлөвшихийг хүсэн ерөөж, сурах их үйлсэд нь амжилт хүслээ.


 

Холбоотой мэдээ