Ханс Йоахим Фухтел: Монголд органик ХАА-г хөгжүүлэх боломж их байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2019-08-30 16:35:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад айлчилж буй ХБНГУ-ын ХХААЯ-ны Парламент дахь төрийн нарийн бичгийн дарга Ханс-Йоахим Фухтел өнөөдөр ХААИС-д зочилж тус сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлтэд оролцлоо.

Түүнийг ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүга нар угтан авлаа. Ноён Ханс-Йоахим Фухтел ХААИС-ийн удирдлага, эрдэмтэн багш нарын хамт тус сургуулийн эрдэм шинжилгээ, сургалтын талбайд мод тарив.

Дараа нь ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн салбар танхимаар зочилж эрдэмтэн, багш нартай хоёр орны ХАА-н салбарын хамтын ажиллагаа, даяаршлын эрин зуун дахь ХАА-н салбарын шинжлэх ухаан, инновацын хөгжлийн талаар ярилцаж байр сууриа илэрхийлэн, санал бодлоо солилцлоо.




Тэрээр хэлэхдээ, “Цаг уурын өөрчлөлтийг даган хувьсаж буй байгаль орчны нөхцөл байдлаас бидний өмнө олон сорилт тулгарч байна. Үүнийг улс орнууд хамтдаа туулан шийдвэрлэх шаардлагатай болж байна.

Онгон байгаль, өргөн уудам нутаг дэвсгэр, нүүдлийн ахуйгаа авч үлдэж буй Монгол Улсад органик ХАА-г тогтвортой хөгжүүлэх боломж, бололцоо их байна. Энд хоёр улс хамтарч ажиллаж байгаад баяртай байна” гээд хамтын ажиллагааны жишээнд "Герман-Монголын тогтвортой хөдөө аж ахуй" төслийг дурдаж байв.

Уулзалт дээр ХААИС-ийн захирал Т.Хэрүүга сургуулийнхаа үйл ажиллагаа, ХАА-н салбарт шинжлэх ухаан, инновацыг хөгжүүлэхэд хийж буй ажил, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулав.

Б.Болд

Холбоотой мэдээ