Хүүхдүүд Монгол орны талаарх төсөөллөө зургаар илэрхийлжээ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2019-08-29 15:07:15
Баянхонгор /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын хүүхдүүд Монгол орны талаарх төсөөллөө уран зургаар дүрслэн илэрхийлжээ.
Тодруулбал, тус аймагт Уран зургийн галерей байгуулах зорилгоор “Баянхонгор уран зургийн галерей” төслийг Баянхонгор сумын ЗДТГ, Щвейцарийн хөгжлийн агентлаг, аймгийн "Тэмүжин" театр хамтран хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Монгол орны өвөрмөц онцлог, өв соёлыг уран зургаар дамжуулан олон улсад сурталчлах зорилгоор ОХУ, Герман, БНХАУ зэрэг орны зураач хүүхдүүд Монгол орны талаарх төсөөллөө дүрслэн илэрхийлжээ. Энэ удаад ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын зураач хүүхдүүд уран бүтээлээ Баянхонгор сумын ЗДТГ-т ирүүлээд байгаа аж.
Цаашид “Баянхонгор уран зургийн галерей” төслийн хүрээнд аймгийн төвд Гэр галерей байгуулах, олон улсын зураачдыг Баянхонгор аймгийн үзэсгэлэнт байгалиар аялуулж бүтээл туурвих боломжоор хангах, бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн зураач багш, хүүхдүүдийг чадавхжуулах, тэдгээрийн оюуны бүтээлийг үнэлэх, гадаад орнуудад үзэсгэлэн гаргах, олон улсын зураач багш хүүхдүүдтэй бүтээл солилцох, Монгол орны өвөрмөц онцлог, өв соёлыг уран зургаар дамжуулан олон улсад сурталчлах зэрэг ажлыг төлөвлөсөн байна.
Мөн төслийн хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилд Баянхонгор хотноо зургийн дугуйлан хичээллүүлэхээр болжээ. Дугуйланд хамрагдах сонирхолтой ЕБС-ийн хүүхдүүд Баянхонгор сумын ЗДТГ-т есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд бүртгүүлснээр зургийн дугуйланд үнэ төлбөргүй хичээллэх боломжтой болох аж.
Сургалтын үйл ажиллагаа "Тэмүжин" театрт болох ба өөрсдийн авьяас чадвараа нээн хөгжүүлэх, олон улсын хүүхдүүдтэй бүтээл солилцох, өөр орчинд өсч хүмүүжиж буй үе тэнгийнхнээсээ суралцах зэрэг олон давуу талыг олгож буйгаараа онцлог юм.