“NASA” сар судлах төхөөрөмж хөгжүүлэх газраа сонгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2019-08-19 15:10:28

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвөөс /NASA/ 1960-аад оны үед хэрэгжүүлсэн “Apollo” хөтөлбөрийн аварга пуужинг хөгжүүлсэн байгууламжид сансрын нисэгчдийг 2024 онд саранд хүргэх төхөөрөмжийг бүтээхээр болжээ.


Алабама муж улсад байрладаг “The Marshall” сансрын нислэгийн төв нь 1972 оноос хойш сансрын нисэгчдийг саран дээр буулгасан анхны төхөөрөмжийг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх ажээ. Энэ талаар “NASA”-гийн төлөөлөгч Жим Бриденстайн мэдээлсэн байна.


Цагаан ордон “Artemis” хөтөлбөрийн хүрээнд сарны өмнөд туйл дээр ойрын таван жилийн хугацаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг буулгахаар төлөвлөж байгаа юм. Алабама муж улсын хойд хэсгийн Хантсвилле хотод олон жилийн турш сансрын хөтөлбөрийг хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор “Пуужингийн хот” хэмээн алдаршжээ.


Ташрамд дурдахад, Хантсвилле хотод “Apollo” хөтөлбөрийн хүрээнд 1960, 1970-аад оны үеэр сансрын нисэгчдийг тойрог замд амжилттай оруулсан “Saturn V” пуужинг барьж туршиж байсан билээ. 

Холбоотой мэдээ