Б.Жавхланбаяр: Б.Хурц нарын шүүх хуралдаан маргааш үргэлжлэх төлөвтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-14 15:36:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр үргэлжилж байна. Шүүх хурлын одоогийн нөхцөл байдлын талаар тус шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяраас тодрууллаа. 


-Шүүх хурлын явц ямар шатандаа явж байна вэ?

-Нийслэлийн Прокурорын газраас зургаадугаар сарын 25-нд нэр бүхий есөн иргэнд холбогдох маш нууцын зэрэглэлтэй хэргийг харьяаллын дагуу тус шүүхэд ирүүлсэн. Шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөртөө хэлэлцэж дуусаад, маргааш үргэлжлэх төлөвтэй байна. Шүүгдэгч, хохирогч нарыг асууж дууссан. Одоо гэрч нарыг асууж байна.


-Шүүх хурлыг хаалттай явуулж буй шалтгаан юу вэ?

-Эл хэрэг нь Төрийн болон албаны тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр маш нууцын зэрэглэлтэй. Тус хуулийн 17.1.2 дахь хэсэгт маш нууцын зэрэглэлд хамаарах хэргийн мэдээллийг нууцлах хугацаа 20 жил байдаг. Тиймээс шүүх хуралдаан хаалттай болж байна.


-Шүүхийн танхимд хүний бие муудсан гэсэн мэдээлэл байна?

-Өчигдөр хохирогчийн өмгөөлөгчийн даралт ихсэж, эмчиж үзүүлсэн. ШШГЕГ-аас ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эмч дагаж ирсэн. Цаг тухай бүрт нь эмчид үзүүлж байна. Биеийн байдал өнөөдөр хэвийн, эмчид үзүүлээгүй. 


-Хохирогч Т.Чимгээ ухаан алдсан гэсэн мэдээлэл бий?

-Ухаан алдсан хүн байхгүй. Ташаа мэдээлэл. Хохирогч Т.Чимгээ өмгөөлөгчөө эмчид үзүүлсэн. Түүнийг хоёр хүн гэж мэдээлсэн байх. 


-Шүүхийн танхим хэр зэрэг багтаамжтай вэ?

-Манай шүүх гурван танхимтай. Үүнээс хамгийн том танхимдаа шүүх хуралдааныг өөрсдийн нөөц боломжоороо явуулж байна. Шүүхийн танхим 54.5 мкв талбайтай. Гурван цонхтой байгаа. Цонхыг тогтмол онгойлгож хааж байна. Мөн дөрвөн сэнс, хоёр агааржуулагч ажиллаж байна. 


-Шүүх хуралд С.Зоригийн хэргийн шийдвэрийг судлах үүрэг бүхий УИХ-ын Түр хороо ажиглагчаар оролцох хүсэлт гаргасныг хүлээн аваагүй. Энэ хуулийн ямар үндэслэлтэй вэ?

-Үндсэн хуулийн 49.1-т зааснаар шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана. Мөн 49.2-т Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж болохгүй гэж заасныг үндэслэсэн. 


-Шүүх хуралдаанд оролцогчдыг хойд хаалгаар гаргаж байгаа нь хууль журмын дагуу юу?

-ХЗДХ-ийн сайд, ШЕЗ-ийн даргын хамтарсан тушаалд заасны дагуу шүүх бүрэлдэхүүн, оролцогчдыг цагдаагийн байгууллага хариуцаж байгаа. Тиймээс энэ хамгаалалтын үйл явц ямар байх нь цагдаагийн байгууллагын асуудал гэлээ.


Тус шүүх хурал өнгөрсөн сарын 23-нд болсон ч шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр хуралдаанд ялтан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан юм. Хүсэлтийн дагуу шүүх хурлыг энэ сарын 12-ныг хүртэл хойшлуулаад байв. Ингээд шүүх хурал энэ сарын 12-ноос хаалттай эхэлсэн бөгөөд эрүүдэн шүүх ажиллагааг гардан гүйцэтгэсэн Ц.Амгаланбаатар болон Б.Итгэлтөгс нарыг байлцуулсан. С.Зоригийг хөнөөсөн хэргийн шийдвэрийг судлах үүрэг бүхий УИХ-ын Түр хорооны дарга Ж.Батзандангаас шүүх хуралд ажиглагчаар оролцохоор хүсэлт гаргасан. Гэвч энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хууль зөрчих үндэслэл болохоос гадна УИХ-ын Түр хороо нь байнгын хорооны эрх эдэлдэг төдийгүй, хаалттай шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох эрхгүй тул хүлээн авах боломжгүй хэмээн тус шүүх шийдвэрлэсэн байна. 


С.Зоригийг хөнөөсөн хэргээр яллагдаж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх газар нь ШШГЕГ-ын харьяа Төв аймгийн хорих 401 дүгээр анги тул нийслэлийн Прокурорын газраас харьяаллын дагуу тус шүүхэд эл хэргийг шилжүүлжээ. Хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас гадна мөрдөгч О.Бархасбадь, О.Бямбажав, гүйцэтгэх албаны дарга С.Баяр, Ж.Мөнхгал, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, ШШГЕГ-ын хэлтсийн дарга Ү.Отгонбаяр, Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг яллагдагчаар татжээ.

Холбоотой мэдээ