Худалдааны хязгаарлалтаа цуцлахыг Японы эрх баригчдаас шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-01 15:57:57

БАНГКОК. /Kyodo/. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны чуулга уулзалтын үеэр Японы Гадаад хэргийн сайд Таро Конотой яриа хэлэлцээ хийх үеэрээ Сөүлийн эсрэг авсан худалдааны хязгаарлалтаа цуцлахыг шаарджээ.


Кан Гён Хва мөн Японы наноматериалууд болон өндөр технологийн эд ангиудыг хялбаршуулсан схемээр хязгаарлалтгүй нийлүүлдэг орнуудын жагсаалтаас БНСУ-ыг хасах шийдвэрээ эргэн харахыг шаарджээ. Ирэх баасан гарагаас зохих алхмуудыг авч хэрэгжүүлэх гэж байгаагаа Японы Засгийн газар өмнө нь мэдэгдсэн байна.


Эдгээр шаардлагын хариуд Японы Гадаад хэргийн яам мэдэгдэхдээ “эрх баригчдын авч хэрэгжүүлж буй алхмууд нь үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн бөгөөд олон улсын хэм хэмжээнд нийцэж байгаа юм” гэжээ.    


Японы Засгийн газар долдугаар сарын 1-нд хагас дамжуулагч болон янз бүрийн төхөөрөмжийн дэлгэц үйлдвэрлэхэд зайлшгүй шаардагддаг гурван төрлийн материалын экспортод тавьдаг хяналтаа чангатгасан байна. Японы тал эдгээр материалын заримыг нь Өмнөд Солонгосоос БНАСАУ-д нийлүүлсэн байж магадгүй гэж сэжиглэж байгаа юм.


Дэлхийн хоёрдугаар дайны үед албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг Солонгосын дөрвөн ажилчинд олгохыг БНСУ-ын Дээд шүүхээс Японы “Nippon Steel & Sumitomo Metal” компанид 2018 оны намар үүрэг болгосны дараа Токио болон Сөүлийн харилцаа мууджээ.


Японы Засгийн газар дээрх шийдвэрийг няцаагаад, энэ асуудлыг 1965 онд Токио болон Сөүлийн харилцаа хэвийн байх үед эцэслэн шийдсэн гэж мэдэгджээ.

 

 

Холбоотой мэдээ