Автомашины “УАА” серийн дугаар шинээр гаргажээ

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2019-07-23 17:03:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинээр автомашин худалдан авч буй иргэдэд зориулан Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас “УАА” серийн дугаар шинээр гаргажээ.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50 серийн дугаар байдаг бөгөөд нийт 499 мянга 950 автомашинд олгожээ. Ингэснээр нийслэлд автоамшины улсын дугаарын хомсдол үүсээд байсан бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор “УАА” серийн дугаарыг шинээр гаргаж буй юм. Уг серийн дугаарыг маргааш буюу энэ сарын 24-нөөс эхлэн https://burtgel.transdep.mn/ цахим хуудсаар дамжуулан авах боломжтой гэдгийг АТҮТ-өөс мэдээлэв.

АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзон, “Манай газар Улаанбаатар хотын 8 цэг, 21 аймгийн 23 салбараар  дамжуулан  иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үйлчилдэг. https://burtgel.transdep.mn/ цахим хуудсыг нэвтрүүлснээр иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ түргэн, шуурхай болохоос гадна “дугаарын наймаа”-г таслан зогсоох ач холбогдолтой” гэлээ.

АТҮТ-өөс Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран олон нийтийн сүлжээнд “улсын дугаар авна, зарна” гэсэн 7 бүлгэмийг хаажээ. Цаашдаа тээврийн хэрэгслийг бүртгэхдээ иргэний хурууны хээг уншуулдаг болохоор төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ